Үйлчилгээний салбарынхан III тундаа хамрагдаж эхэллээ

Монголын ресторан, зоогийн газрын холбоо болон “БЭХ” баар эрхлэгчдийн холбоо хамтран зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг вакцины III тунд хамруулах аяныг санаачиллаа. Уг аяны хүрээнд тус салбарын ажилтнууд арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдөр 08:00-19:00 цагийн хооронд урьдчилан бэлтгэсэн вакцинжуулалтын таван цэгт очин, III тунд хамрагдах боломжтой юм.

Монгол Улсын Ерөнхий сайд III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд бүх үйлчилгээг ямар нэг хязгаарлалтгүй явуулна гэж мэдэгдсэний дагуу үйлчилгээний салбарын байгууллагууд идэвх санаачилгатай, манлайлан оролцож, дээрх аяныг зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн аль болох богино хугацаанд бүрэн хүчин чадлаараа ажиллан бизнесээ сэргээж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд III тун чухал ач холбогдолтойг тус байгууллагуудын зүгээс онцолж байлаа.

Монголын ресторан, зоогийн газрын холбооны тэргүүн М.Есөнмөнх “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх ресторан, зоогийн газар, түргэн хоол, цайны газар, баар, караоке, сүлжээ дэлгүүрүүд тус уриалгад нэгдэн, вакцинжуулалтын таван цэгт III тундаа хамрагдаж байна. Хоёр өдрийн хугацаанд 2000-3000 ажилтныг сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулахаар тооцоолсон. Вакцин хийлгэх хугацаа нь хараахан болоогүй ажилтнууд бас байгаа. Тэдгээр ажилтан өөрт ойр байрлах вакцинжуулалтын цэгт хандах боломжтой” хэмээв.

Вакцинд хамрагдахаар ирсэн “Мондакц” ХХК-ийн захирал Ж.Мөнхсайхан “Эрүүл мэндээ хамгаалахын тулд вакциндаа хамрагдлаа. Вакцины талаар иргэд, олон нийт бага зэрэг буруу ойлголттой, мэдээлэл дутмаг байх шиг санагдсан. Би II тунгаа хийлгэснээс хойш дөрвөн сарын дараа ковидоор өвчилсөн. Хоёр тун вакцинд хамрагдсан тулдаа хүндрэлгүй, хөнгөн тусаад эдгэрсэн. Одоо III тунгаа хийлгээд эсрэг биетээ нэмэгдүүлээд авбал хэсэгтээ дархлаа сулрахгүй байх гэж бодож байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудад гаргаж өгсөн вакцинжуулалтын I цэгт  12:00 цагийн байдлаар 70 гаруй хүн ирж, III тунгаа хийлгэжээ. Вакцинжуулалт 19:00 цаг хүртэл үргэлжлэх тул дээрх салбарын ажилтнууд өөрсдийн цаг завдаа тохируулан, вакцинжуулалтын цэгүүдэд хандах боломжтойг зохион байгуулагчид хэлж байлаа.

Зочлох үйлчилгээний салбарын ажилтан та дараах цэгүүдээс сонгон, үйлчлүүлээрэй.

  1. Трипл эвэнт холл - “Их наяд” плаза VI давхарт /90793333/
  2. Парис эвэнт холл - Хан-Уул дүүргийн III хороо, "Дэльта" холдингийн хашаанд /95703338, 95703339/
  3. Очир титэм эвэнт холл – Баянгол дүүрэг, 3, 4-р хорооллын эцэс, "И-Март"-ын замын эсрэг талд /89092028, 96010381/
  4. Чоко клаб – Сүхбаатар дүүрэг, "Сөүл" плаза, 11 давхарт /99899997/
  5. Ай-Лофт лоунж клаб – Сүхбаатар дүүрэг, "Туушин" зочид буудлын ар талд /89099895/

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*