IV Олон улсын Номхон далайн театрын фестивалийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд найруулагч Херо Баатарын “Төрөл жанраас давсан: том хэмжээний тайзны бүтээл найруулах нь” сэдэвт мастер-класс Владивосток хотын Хүүхэд, залуучуудын театрт амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтад театрын уран бүтээлчид, найруулагчид, оюутан залуус болон тайзны урлаг сонирхогч 30 гаруй оролцогч хүрэлцэн ирж, том хэмжээний театрын бүтээлийг хэрхэн цогцоор нь найруулах, олон төрлийн урлагийн хэлбэрийг нэг тайзны хэл болгон нэгтгэх талаар найруулагч Херо Баатарын туршлагаас хуваалцлаа.
Мастер-классын үеэр драмын театр, бүжиг, хөгжим, циркийн урлагийг нэг бүтээлд уялдуулах найруулгын арга барил, 50-иас дээш жүжигчин, уран бүтээлч оролцсон масс үзэгдлийг хэрхэн нарийн зохион байгуулах, хөдөлгөөн, хэмнэл, фикикл илэрхийлэмжээр өгүүлэмж бүтээх зарчим зэрэг сэдвийг онцлон хэлэлцэв.
Найруулагчийн мастеркласс гэдэг найруулагч өөрийн уран бүтээлийн арга барил, тайзны сэтгэлгээ, жүжигчидтэй ажиллах аргачлал болон бодит бүтээл дээрх туршлагаа оролцогчдод хуваалцдаг мэргэжлийн сургалт, уулзалт байдаг билээ.
Найруулагч Херо Баатар “Монгол Хаан” жүжгийг бүтээх үеийн бодит туршлага, репетицийн аргачлал, тайзны том хэмжээний дүрслэл болон жүжигчдийн биеийн хөдөлгөөнөөр дамжуулан өөр өөр соёлын үзэгчдэд ойлгомжтой универсал хэл бий болгох талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Мастер-класс асуулт, хариулт болон нээлттэй ярилцлагаар үргэлжилж, оролцогчид найруулагчтай шууд санал солилцсон нь тус арга хэмжээний онцлох хэсэг байв.
Энэхүү уулзалт нь “Монгол Хаан” жүжгийн Владивосток дахь тоглолтын хүрээнд Монголын театрын уран бүтээлчдийн бүтээлч арга барил, туршлагыг олон улсын мэргэжлийн хүрээнд танилцуулсан чухал арга хэмжээ боллоо.