Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбосон зам нь Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг 50 хувь бууруулна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 13 байршилд шинээр холбоос зам хийж буй. Үүний нэг болох Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-ийг “Содон” хороололтой холбох гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил үргэлжилж байна. Тус байршилд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт ажиллаж, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг: 

-Тус бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш буюу нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Нийт 356 нэгж талбар өртөж байгаагаас одоогийн байдлаар 33 нэгж талбар үлдээд байна. Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлтай хэлцэл хийсэн бөгөөд эдгээр айл газраа чөлөөлбөл 29 нэгж талбар үлдэнэ. Энэ нь хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай гол холбоос үндсэн зам болж байгаа. 13 байршилд авто зам, замын байгууламжийг өргөтгөн, шинэчилснээр замын сүлжээ 17.8 хувиар нэмэгдэх чухал ач холбогдолтой. Гэсэн хэдий ч зарим иргэн газрын тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжилж байгаагаас болж тус замын ажил саатсан гэлээ. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: 

-Энэ зам ашиглалтад орвол Нэгдүгээр хорооллын урд талын болон 21 дүгээр хороолол руу чиглэсэн замын ачаалал эрс багасах боломжтой. Нэмээд зам дагуух айлуудын газрын үнэ өсөх, нийтийн тээврийн хүртээмж сайжирна. Замаа дагаад худалдаа үйлчилгээ, бизнесийн орчин бий болно гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Мэдээж хувь хүн өмчөө үнэлэх эрхтэй. Гэхдээ нийтийн эрх ашгийг боддог байх хэрэгтэй. Зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлж байгаа нь нийгмийн сайн сайхны эсрэг зогсож байгаа хэрэг гэдгийг нийтээрээ ойлгох нь чухал. Тиймээс газар чөлөөлөлтийн ажлыг яаравчилж, иргэдтэй тохиролцоонд хүрч, чухал ажлыг хурдтай, стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэйг онцолж байлаа.
ГССҮТ-ийг “Содон” хороололтой холбох авто зам нь зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Эл замын бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй таван нүхэн гарцын эхний 31.7 метр өргөн, 18.8 метр урт, 5.5 метр өндөр нүхэн гарцын ажлын суурь бэлэн болсон. Замын ажлыг “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж буй. Ажил 2022 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд 2024 оны зургаадугаар сард дуусгахаар төлөвлөсөн. 

Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолж буй. Мөн хэрэв газар чөлөөлөлт бүрэн дуусвал газар шорооны ажлыг энэ жилдээ 90 хувьд хүргэх боломжтой. Айлууд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас үүдэн бүтээн байгуулалтын ажил удааширч байгааг тус компанийн ерөнхий инженер Б.Нямдагва хэллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*