Төр ба ард түмний хоорондын харилцаанд эрхэмлэдэг зүйл дотор иргэд нь татвар төлж ямарч нөхцөлд цалин хангамжийг нь тасралтгүй өгч байх, төрийн албан тушаалтнууд нь иргэддээ соёлтой үйлчилгээ үзүүлж байх үүрэг байдаг. Төрийн өмнө иргэдийн хүлээсэн энэ үүрэг хуульчилсан байдаг учраас ямарч нөхцөлд биелж байгаа. Харин төрийн дунд шатны зарим албан тушаалтаны хүнд сурталтай, сэтгэл зүйн боловсрол сулаас болж иргэндээ соёлтой үйлчлэх төрийн үүрэг биелдэггүй дутагдал архагшсан гэж хэлж болохоор байдаг. Төрийн албаны хүнд сурталтай хийх тэмцэл бол төр иргэн хоёрын харилцан хүндлэл, итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө, төрийг тогтвортой, түмнийг амгалан байлгахын төлөө тэмцэл юм. Төрийн албаны хүнд суртал, ёс зүйгүй харилцааг арилгах тэмцэлийг төр ба иргэд хамтарч өрнүүлэхэд онц анхаарахгүй удах аргагүй болоод байна.
Манай иргэдэд төрийн албан тушаалтанаас үйлчилгээ хүсэхгүй амьдрах нөхцөл байхгүй. Төрийн зүгээс хууль дагуу үзүүлэх ёстой үйлчилгээг иргэнд заавал гуйлгаж, хүсэлт өргөдөл гаргуулж байж хүртээдэг. Энэ нь төрийн түшээд олширох, хүнд сурталтан орших үндэс болдог. Цагт нь гуйгаагүй, хүсэлт өргөдөл өгөөгүйгээс хуулийн дагуу авах ёстой тэтгэвэр, тэтгэмжийн нэмэлт, хөнгөлөлт, элдэв зөвшөөрлийг авч чадаагүй иргэн хохирдог. Ийм төрлийн гажуудлыг төрийн удирдах байгууллага, нийслэл аймгийн улирдах нөхөд засах ёстой. Цахим засаглалыг бий болгоё гэж байгаа Засгийн газрын санаачлага амжилттай хэрэгжвэл хэрэг болох байх.
Харин иргэдийн хувьд хүнд сурталтай идэвхтэй тэмцдэг байх, хүлцэнгүй байдгаа болих нь чухал юм. Төрийн дунд шатны албан тушаалтантай ярих гэхэд утсаа авахгүй, уулзахыг хүсэхэд хүлээж авахаас цааргалж, ямар хэргээр уулзахыг заавал асууж хувийн хэргээр гэж хэлсэн хүнд тоомжиргүй дээрэлхүү харьцаж эхэлбэл хүнд сурталтантай тулгарч буйгаа мэдэрч, шүгэл үлээдэг, хууль ёсны үйлчилгээг олж авахын төлөө тууштай тэмцдэг, төрийн албаны дээд шатны эрх мэдэлтэнд нь хандаж дэмжлэг авдаг байх ёстой.
Ёс суртахуунгүй, бүдүүлэг дээрэнгүй харилцдаг дарга нар ихэвчлэн иргэдэд алдаршсан байдаг. Тийм даргатай аргагүйн эрхэнд уулзах болж зөвшөөрөл хүртсэн иргэд тэр даргын өрөөний нь үүдэнд удаан хугацаанд босч сууж хүлээцгээнэ, тэр зуурт хоорондоо танилцаж зовлон бэрхшээл, хууль журмаар санал солилцоно, “энэ дарга өнөөдөр ямар зан ааштай байгаа бол?“ гэж хоорондоо шивнэлдэнэ. Тэгээд даргын өрөөнд ормогц юу дохиолддог билээ?
- "Орж болох уу" гэхэд орчихоод юу гээд байгаа юм гэж зандарна, - “Та сайн байна уу” гэхэд хариу мэндлэхгүй, - Царайгаа харуулахгүй, - Гар утастай байгааг харчихвал чи миний зургийг авах,бичлэг хийх гэж байна гэж зандраад туслахаа дуудаж утсыг нь авч зураг авсан бичлэг хийсэн эсэхийг шалгуулна, - Бизнес эрхлэх зөвшөөрөл өгөөч гэвэл чиний хүсч байгаа юм чинь амархан бүтдэг зүйл биш гэж хэлнэ, - Өрөөнөөс нь гарах үед хам нь бололтой хүн дөхөж ирээд “цаадахдаа 5 сая төгрөг атгуулчихвал наад юм чинь бүтнэ“ гэж зөвлөнө, - Иргэнийг өөрийг нь буруутгах элдэв шалтаг ухаж гаргаж дарамтална, - Иргэн нь ямар нэг татвар хураамжийг хугацаанд нь төлөөгүй, баримт бичгийг бүртгүүлэх хугацааг хэтрүүлсэн буруутай бол заавал их хэмжээний төлбөр торгууль оногдуулна, - Ёс зүйтэй харьцахыг өөрөөс нь шаардсан, дээд удирдлагад нь хандсан байвал өширхөж хэдэн зуун мянга бүр олон сая төгрөгөөр торгох шийдвэр гаргана, - Би чамайг заавал торгоно, заавал төл, чамайг торгохгүй бол авилга авсан гэж намайг хардана гэнэ. Өөрөөр хэлбэл авилга гэгчийг иргэнийг торгоход хэрэглэдэг зэвсэг болгоно. Хүнд сурталтан, ёс суртахуунгүй, сэтгэл нь бохирдсон албан тушаалтны зан авир үүгээр зогсохгүй.
Төрийн зарим албан тушаалтны ийм ёс суртахуунгүй үйлдэл олон мянган төрийн ажилтан нарын болон Монголын Төр Засгийн нэр хүндэд хор хүргэж байдаг.
Дөнгөж хүүхэд төрүүлсэн эмэгтэйг хүндэтгэж хүн ёсоор үйлчлээгүй төрийн дунд шатны зарим албан тушаалтаны буруугаас, тэдний өмнөөс уурчлалт гуйж Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Засгийн газрын энэ огцролтыг хариуцлага хүлээдэг байхад үлгэр болж байгаа зөв үйлдэл гэж дүгнэж болох боловч уламжлал болгох сайн жишиг гэж бодохгүй байна. Миний дээр хэлсэн иргэндээ үйлчлэх үүргээ ухамсарладаггүй, цэвдэг сэтгэлтэй албан тушаалтнуудтай иргэд бараг өдөр болгон тааралддаг, тэр болгонд засгийн газраа огцруулаад байж болохгүй. Өөрөөр хэлбэл, аль нэг төрийн байгууллагын албан тушаалтны буруугаас шалтгаалж Засгийн газрыг огцруулаад байдаг биш, төрийн албаны дунд шатны албан тушаалтнуудын хариуцлагыг дээшлүүлэх, удирдах ажилтнуудыг зөв сонгох, хүмүүжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хүнд сурталтай, ёс суртахуунгүй ажилтаныг тухай бүр илрүүлж огцруулдаг байх нь зөв.
Энэ удаа Засгийн газар огцорсон шалтгааныг зарим эмнэлгийн удирдлагын буруугаар тайлбарласан явдал төрийн дунд шатны ажилтнуудын хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарал төвлөрүүлэхэд хүргэж байгаа нь сайн хэрэг. Хуримтлагдсан төвөгтэй асуудлуудаа шийдэхийг залуучуудад хариуцуулж шинэ засгийн газрыг богино хугацаанд бүрдүүлсэн нь бас сайн.
Миний ажигласан зүйл бол Засгийн газар огцрох хоёр дахь гол шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайд нар хоорондоо зөрчилтэй, хамт ажиллах нөхцөлгүй болсон, түүнээс болж улс төрийн тогтворгүй байдал үүсч магадгүйд байсан. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж ч магад. Энэ асуудал жич учир нь олдох биз.
Төрийн албаны дунд шатны албан тушаалтны ажлын хариуцлагыг дээшлүүлэх сэдвээ үргэлжлүүлж, Төр, иргэдийн хамтын хүчээр дараах ажил хэрэгжээсэй гэсэн бодол төрж буйгаа хэлэе. Жишээлбэл:
- Сайн үйлстэй төрийн ажилтан нараа алдаршуулж урам хайрлаж байх. Төрийн байгууллагад ажиллаж байгаа эзэмшсэн мэрэгжил, эрхэлсэн ажилдаа хайртай, ариун сэтгэлээр хүч бололцоогоо дайчилж төрийн үйлчилгээг ард олондоо хүргэж байдаг 200 шахам мянган иргэд бол Монголын Төр Засаг ба Монголын Ард түмнийг холбоог бэх бат байлгадаг гагнаас.
- Иргэдийн хяналт шаардлагыг хүчтэй болгох. Төрийн ажилтаны ажлыг дүгнэхдээ тэр хүний ажил, зан харилцаанд өгч байгаа иргэдийн болон удирдлагад нь ажиллагсадын үнэлэлт дүгнэлтийг гол болгож байя. Төрийн байгууллага бүрт дотоод хяналтыг бий болгоод, тэнд ажилладаг нөхдийн зан харилцаа, ёс суртахууны талаар иргэдээс санал шүүмжлэлийг тогтмол авч бүртгэдэг байя.
- Сэтгэл зүйн боловсролд анхаардаг байх. Манай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд энэ талаар үлгэрлэж байгаа. Тэд нар иргэд үйлчлүүлэгчиддээ ёс зүйтэй, эелдэг харьцдаг, тэгэхгүй бол байгууллагын нэр хүндэд, бүтээгдэхүүний нь борлуулалт үйлчилгээнд нь эсрэг нөлөөлдгийг мэддэг. Гэтэл ийм мэдрэмж манай төрийн байгуллагынханд үгүйлэгддэг. Хувийн хэвшлийнхэнээс сурахыг шаардая.
- Сэтгэл нь бузарлагдсан этгээдүүдийг нийгэмд таниулж жигшүүлэх. Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр хүнийг, төрийн ажилтаныг гүтгэдэг, нэр төрийг нь гутаадаг, хөгшин залуу яс үндсээр нь ялгаж доромжилдог, шоронд хат үх тонил гэх мэтээр харааж зүхэж байдаг, түүгээрээ мэрэгшсэн, бузар үгийг захиалгаар бичиж хэдэн төгрөг авч амьдардаг байж ч мэдэх нэр нүүрээ нуусан хэдэн этгээд бий болсон. Монгол хүний зан араншинд байгаагүй ийм үйлдэлтэй этгээдүүд бол иргэдийн итгэлцэлийг эвдэх, нийгмийг задлан бутаргах аюултай. Ийм хорт халдварыг үндсээр нь таслахгүй тэвчиж болохгүй.
- Иргэдийн ажил амьдралд саад хийдэггүй байхыг эрхэмлэх. Гурван хүүхэд, таван ам бүлтэй айлын амьдралыг авч яваа залуу: “Би засаг төрөөс юуч гуйхгүй, өөрийн хөдөлмөрөөр гэр бүлийн амьдралаа сайхан аваад явж байх бололцоо байна. Хичээж байна. Гэтэл төрийн албаны олон байцаагч нэртэй хүмүүс бараг өдөр бүр ирж асууж байцааж, нэгжлэг хийх шахуу юм болж, тайван ажиллаж амьдрахад саад болж байна. Залхаж байна. Яах билээ?” гэж ярихыг сонсож байлаа. Ингэж ярьж байгаа залуучууд олон бий.
Төрийн албан тушаалтан ба иргэний хооронд ямар харилцаа байвал аятайг жишээлж хэлье:
- Иргэн: Би мал бүхий иргэдээс мал худалдаж авч төхөөрөх, мах боловсруулах жижиг үйлдвэр барих төсөл боловсруулж байна. Зөвшөөрөх дэмжих боломжтой юу?
- Төрийн ажилтан: Сонин санаачлага байна. Төсөл, түүнийхээ зорилго, ач холбогдлыг хэлээч.
- Иргэн:Төслийн хувьд: Хоногт 100 бог, 20 бод , Жилд 12 мянган бог, 2400 орчим бод мал төхөөрч, тураг мах, дотор махны нөөцийг бүрэн боловсруулах үйлдвэр барих юм. Зорилго нь: Иргэдэд үйлдвэрийн нөхцөлд төхөөрч боловсруулсан малын мах хэргэлэдэг болгох, Тураг махаас гадна дотор махны нөөцийг бүрэн боловсруулж хэрэглэдэг байх, арьс ширийг давсалж чанарыг нь хадгалсан түүхий эдээр боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг байх, Ач холбогдлын хувьд бол: малыг зах зээлийн үнээр газар дээр нь худалдаж авснаар малчдын орлого нэмэгдэнэ, 50 орчим ажлын байр бий болно. Мэдээж чанартай, эрүүл, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийн борлуулалтаас ашиг олно.
- Төрийн ажилтан: Таны боловсруулж байгаа төсөл санаачлага амжилттай хэрэгжвэл улс орны хөгжил, ялангуяа хөдөөгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Сум болгон мал төхөөрөх мах боловсруулах үйлдвэртэй болчихвол дотоод хэрэгцээ төдийгүй гадаад зах зээлд мах гаргаж чаддаг болж, улмаар малын тоог бэлчээрийн даацад тохирсон хэмжээнд байлгах асуудлыг шийдэх боломж бүрдэх юм. Таны төсөл үлгэр жишээ болно. Танд ямар дэмжлэг хэрэгтэй вэ?
- Иргэн: Шаардагдах хөрөнгө оруулалтын арван хувийг би өөрөө болон нөхдийнхөө дэмжлэгээр бүрдүүлнэ. Харин 90 орчим хувийн санхүүжүүлэлтэд урт хугацаатай бага хүүтэй зээл авхад туслахыг хүсэх байна.
- Төрийн ажилтан: Үйлдвэрийнхээ техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, баталгаажуулаад авчир. Түүнийг үндэслэж тодорхой асуудлыг ярилцая. Өндөр үр ашигтай байх нь баталгаатай байвал хөрөнгө оруулалтын зээлийн асуудлыг холбогдох байгууллагад уламжилж шийдэж өгнө. Мал худалдаж авхад шаардагдах эргэлтийн хөрөнгийн хэрэгцээнд чинь нэг жилийн хугацаатай зээл олгох асуудлыг шийдэхэд туслана. Мах болон махан бүтээгдэхүүнийг дотоод гадаад зах зээлд борлуулахад чинь дэмжлэг үзүүлнэ. Хамгийн гол нь технолог, бүтээгдэхүүний чанар сайн, өрсөлдөх чадвартай байхад онц анхаараарай. Амжилт хүсье.
Манай төрийн албан тушаалтан болон иргэний хооронд ийм маягийн харилцаа бий болж хэвшчихвэл улсын маань хөгжил хурдасна.
Төрийн албаны дунд шатны албан тушаалтан нарын дотор тааралддаг иргэдтэйгээ ёс суртахуунтай харилцаж чаддаггүй харьцангуй цөөн тооны хүмүүсийн тухай ярьж байна.Дарга нь хатуу шаардлага ба анхаарал халамжийг хослуулж чаддаг, цэрэг нь хариуцлага хүндэтгэл хоёрыг хослуулж хүмүүждэг байвал эв нэгдэл, хөгжил дэвшлийн бат бэх суурь бүрдэх учиртайг нэмэж хэлэе.
Ерөнхий сайд асан Д. Содном