Чуулганы нэгдсэн хуралдаанаар 143 хуулийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.12.17/ нэгдсэн хуралдаан 10.15 цагт эхэлж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг сонслоо.

Үргэлжлүүлэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Эхний баталсан хуулиуд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд байсан бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх хуулийн талаар товч мэдээлэл хийсэн. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг тодотгон тусгаж, “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж заасан нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой заалт юм.

Улсын Их Хурал 2020 онд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолыг баталж, үүний дагуу холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэн шинэчлэх, өөрчлөлт оруулах ажил хийгдэж байна. Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төсөв санхүүтэй холбоотой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг Улсын Их Хурал 2020 онд шинэчлэн баталсан.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж эхлээд 1 жил хагасын хугацаа өнгөрч байна. Хуулийг хэрэгжүүлэх явцад хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, батлах цаглаварт өөрчлөлт оруулах, баримт бичигт тавигдах шаардлагыг боловсронгуй болгох зэрэг зарим өөрчлөлт оруулах шаардлага үүссэн тул Улсын Их Хурлын гишүүдээс болон Засгийн газраас тус тус Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэнийг нэгтгэн хэлэлцэж баталлаа. Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуулийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуультай нийцүүлэх хүрээнд тус хуультай хамт өргөн мэдүүлсэн 51 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталж байна. 

Хууль батлагдсанаар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн тайлагнах болон төлөвлөлтөд суурилсан төсөвлөлтийн зарчмыг хуульчилж, Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй холбогдох зохицуулалтыг нэмж тусган, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал зэрэг улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой төрийн дотоод бодлогын баримт бичиг болон гамшиг, онц, дайны байдлын үеийн төлөвлөгөөний статусыг тодорхой болгож, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тавигдах шаардлагад өөрчлөлт орууллаа.

Улсын Их Хурал Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулан ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тус яам үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого, уялдаагаар ханган, эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, холбогдох бодлого, төлөвлөлтийн асуудлыг эрхлэн ажиллана.

Улсын нийгэм, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд тодотгон тусгахад өмнөх болон энэ удаагийн Улсын Их Хурал ач холбогдол өгч анхаарч ажиллаж ирсэн. Холбогдох хуулиудыг бодитойгоор хэрэгжүүлэн ажиллахад улсын болон орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд оролцогч байгууллага, албан хаагчид онцгойлон анхаарч ажиллах нь зүйтэй байна гэлээ. 

 

Энэ өдрийн хуралдаанаар дээрх хуулиудаас гадна Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хүний хувийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн мөн холбогдуулан боловсруулсан төслүүд, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн мөн холбогдуулан боловсруулсан төслүүд нийт 143 хуулийн төслийг эцэслэн баталснаар хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*