Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2021 оны 08 дугаарын тойм

    Эмхэтгэлийн энэ дугаарт Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хамт нийтэллээ. Уг хуулиар барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан иргэн хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зогсож, цалин орлого нь тасалдан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт өрийн дарамт бий болох, зээлдэгчийн барьцааны зүйл, өмч хөрөнгийн үнэ цэнэ буурах, үнэгүйдэх эрсдлээс сэргийлж барьцаалан зээлдүүлэх газар нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцохоор, үүнээс бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн зээлдэгчид мэдэгдэх, хэрэв зээлдэгч нь барьцаалан зээлдүүлэх газрыг энэ хуульд заасныг зөрчсөн гэж үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргахаар зохицуулжээ. Мөн коронавирусын халдвар авсан, халдвар авсан байж болзошгүй хүний хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, гэр бүлийн нууцыг задруулахаас сэргийлэх, аливаа байдлаар ялгаварлан гадуурхагдах, нэр төрийг нь гутаан доромжлох нөхцөлд хүргэхгүй байх,  цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байхдаа коронавирусын халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох, эрүүл мэндийн даатгалд хамруурах асуудлыг шийдвэрлэх, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл тоног төхөөрөмжийг улсын хилээр хойшлуулашгүйгээр нэвтрүүлэх арга хэмжээ авах зохицуулалтыг тусгасан байна. Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг хойшлуулах, төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг 2021 оны 06 дугаар сарын 30 хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Монголбанк Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх, бүх шатны сургалтын байгууллагын оюутан, сурагчдын дотуур байрны төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх арга хэмжээ авахаар зэрэг асуудлыг хуульд тусгасан байна. 

    Мөн энэ дугаарт  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийг хамт өргөн мэдүүлсэн хуулиудын хамт нийтлэв. Банкны үйл ажиллагаа эрхэлж байгаа банк 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор хуулийн дагуу компанийн хэлбэрээ өөрчилж банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компани хэлбэртэй байхаар зохицуулалтуудыг тусгаж өгсөн төдийгүй ингэснээр банкны сайн засаглалыг хөгжүүлж, хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг бууруулан, олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгохоос гадна банкны тогтолцоонд шударга өрсөлдөөнийг дэмжиж, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлжээ. Банкны сайн засаглал хөгжиж, хувьцаа эзэмшлийн хэт төвлөрөл буурснаар эрсдэл буурч, салбарын хяналт, шалгалтын бие даасан байдал хангагдаж, банкны тогтолцоонд шударга өрсөлдөөн бий болгох, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлсэн зэрэг зохицуулалтуудтай дэлгэрэнгүй танилцах боломжтой. 

    Түүнчлэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн бөгөөд хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр зохицуулжээ.  

    Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт “Тогтоолын хавсралтад нэмэлт  оруулах тухай”, “Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай”, “Байнгын хорооны даргыг сонгох,  чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. 

    Мөн  Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтлэв. Тухайлбал, “Төрийн архивын ажилтанд мөнгөн урамшуулал олгох журам”-аар төрийн архивт архивч, архивч-судлаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчаар ажиллаж байгаа төрийн албан хаагчид 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор зохицуулсан бол “Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын байгууллагын харьяа нэгжид томилогдон ажиллаж байгаа алба хаагчид нэмэгдэл олгох журам”-аар “нэмэгдлийг алба хаагчийн томилогдсон өдрөөс хойш оршин суух хаягийн лавлагааг үндэслэн тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 50 хувиар тооцож 5 жилийн хугацаанд улирал бүр харьяалах байгууллагын даргын тушаалаар олгох, гурван сараас дээш хугацаагаар эмчилгээний чөлөөтэй болон байгууллагын захиалгаар гадаад, дотоодын их, дээд сургууль, академид суралцаж байгаа алба хаагчид уг нэмэгдлийг олгохгүй зэрэг зохцуулалттай  дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*