Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 8 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хэнтий нурууны арын Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж Сэлэнгэ, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Идэр, Тэс, Хэрлэн, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-50 см давсан байна. Харин Орхон, Улз голууд үерийн аюултай түвшинг 25-30 см  даван хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ мөрөн Хутаг, Хялгант зэрэг сумдын орчмоор 5-10 см нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Түүнчлэн хур борооны эрчимшил хэмжээнээс хамаарч голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж байгаа тул үeр, усны аюулаас болгоомжтой байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарна уу. Үүнд:

– Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,

– Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,

– Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,

– Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*