Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын “Сод-Эрдэм” сургуулийн захирал, Монгол Улсын Зөвлөх багш Д.Мөнхбаатар, Монгол хэлний заах аргын нэгдлийн ахлагч, Монгол Улсын Зөвлөх багш О.Болормаа, Монгол хэлний багш Б.Баасанжаргал, О.Цэнд-Аюуш болон Монгол хэлний Тэргүүлэх багш Т.Хишигдэлгэр, түүний даасан 12а ангийн 23 сурагч, эцэг эхийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос 28 дахь жилдээ зохион байгуулж буй "Монголын сайхан бичигтэн" олон улсын уралдааны “Сайхан бичигтэн анги” ангилалд Т.Хишигдэлгэр багшийн бэлтгэсэн 12а ангийн сурагчид дэд байр эзэлжээ. Мөн энэ хичээлийн жилд тус сургуулийн сурагчид олон улсын болон улсын хэмжээний уралдаан тэмцээн, улсын олимпиад зэргээс нийт 128 медаль хүртсэн амжилт үзүүлснийг захирал Д.Мөнхбаатар өгүүлэв.
Боловсролын сайд П.Наранбаяр монгол бичиг сурсан тухайгаа хуваалцан, үндэсний бичиг, өв соёлоо хайрлан хамгаалахыг сурагчдад захиж, амжилт хүслээ.