“Амар байна уу 2024” үзэсгэлэн, худалдаанд 2000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож байна

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” төвд өнөөдрөөс эхэлж байна. Уг арга хэмжээ хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм.

Тус үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 2000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын Сургалт, судалгаа, маркетингийн хэлтсийн дарга Л.Цолмонтуяа:

-Сар шинийн баярыг угтаж Монголчууд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг бөгөөд 70 хувийг нь гадаадаас гарын бэлэг худалдан авахад зарцуулдаг гэсэн тооцоо бий. Харин өнгөрсөн жил энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчид нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, ийм хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чадсан юм. Энэ жил оролцогчдын тоо хоёр дахин нэмэгдсэн тул өнгөрсөн жилийн борлуулалтын дүнг хоёр дахин нэмэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Мөн оролцогчдоос талбайн түрээс болон гадна зогсоолын төлбөр авдаггүй учир хэрэглэгчдэд үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах шаардлагыг тавьж буй. 

“Нүүдэлчин сэрэхүй” ТББ-ын оролцогч Т.Түмэнбаяр:  

-“Амар байна уу” сар шинийн үзэсгэлэн худалдаанд хоёр дахь жилдээ оролцож байна.  Жижиг, дунд бизнес эрхлэгч биднийг дэмжсэн, өргөн дэлгэр арга хэмжээг түрээсийн төлбөргүйгээр зохион байгуулж байгаад маш их талархаж байна. Бид наадгай болон домын бүтээлүүд борлуулдаг. Монголчууд ямарваа нэг зүйлийг домоор засаж, наадгайгаар наадаж ирсэн уламжлалтай. Ийн язгуур өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт зүтгэж байна. 

“Es G Brand”-ийн үүсгэн байгуулагч У.Хосбаяр:

-Манай брэндийн нэрийн тухайд Es /Empire shoes/ буюу эзэнт гүрний гутал гэсэн утгыг агуулж буй. Дэлхий дээр хоёр том эзэнт гүрэн байсны нэг нь манай Монголын эзэнт гүрэн. Тиймдээ ч эзэнт гүрний хүмүүсийн өмсөж байсан эсгий гутлын технологийг орчин цагийн хэв загварт оруулан бүтээлээ туурвисан гэв.

Тэрчлэн энэ арга хэмжээнд оролцсоноор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамтын ажиллагаагаа тэлэх, үндэсний хэмжээний томоохон компани, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, түүхий эд нийлүүлэх, хөрөнгө оруулалт татах, санхүүгийн байгууллагууд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах зэрэг олон давуу талтай юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*