Автомашингүй өдрөөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж, зөвлөгөө өгч байна

Улаанбаатар хот 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Автомашингүй өдрийг зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн хувьд иргэдийн эрүүл, эрсдэлгүй, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бий болгоход байгууллага, аж ахуйн нэгж, түүнчлэн иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тус өдрийг “ЭРСДЭЛГҮЙ-ЭРҮҮЛ ОРЧНЫГ ХАМТДАА” уриан дор зохион байгуулж буй.

Автомашингүй өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзлэг, оношилгоо хийн, зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Тухайлбал, ХСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, “ЭМЖЖ”, “ZINT clinic”, “Индранил”, “Удвал имплант”, “Саамреверс” шүдний эмнэлэг ажиллаж буй. Эдгээр эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн үзлэг, чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, чихрийн шижингийн илрүүлэг, цусны даралт ихсэх өвчний зөвлөгөө, сүрьеэгийн илрүүлэг, дасгал хөдөлгөөний зөвлөгөө, эрүүл хооллолтын зөвлөмж, мэдээлэл авах боломжтой.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас жил бүрийн Автомашингүй өдрөөр агаарын чанарын судалгаа хийдэг. Уг судалгаанаас үзэхэд азотын давхар ислийн хэмжээ бусад өдрөөс долоо дахин бага, хүхрийн давхар ислийн хэмжээ 20 дахин бага байдаг нь Улаанбаатар хотын агаарын чанарт автомашины нөлөө асар их байгааг харуулж байна.

Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний дөрөв дэх судалгааг 2019 онд хийхэд нийт хүн амын 61 хувь нь эрчимтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, үүнээс үүдэлтэй 49.4 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь хэт таргалалттай байжээ. Нийт нас баралтын 30 орчим хувийг илүүдэл жин, зөв зохистой хооллоогүйгээс үүдэлтэй зүрх судасны өвчлөл, 25.6 хувийг аль нэг эрхтний хавдар эзэлдэг. Мөн зам тээврийн осол нь дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх арван шалтгааны нэг юм.

Ташрамд, дэлхийн олон улс, хот автомашины хэт их олшролоос үүдэлтэйгээр олон асуудалтай тулгарах болсон тул аваар осол, агаарын бохирдол, хүлэмжийн хий, автомашины хэрэглээг бууруулах, явган алхалт, нийтийн тээвэр, унадаг дугуйн хэрэглээг дэмжих замаар хэт автомашинжсан нийгмээс ангижрах бодлого баримтлах болсон. Уг бодлогыг хэрэгжүүлэх томоохон үйл ажиллагааны нэг нь Автомашингүй өдөр буюу “Car free day” юм. 1990–ээд оноос эхлэн Европын хотууд энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдөр тэмдэглэх болсон бөгөөд өдгөө дэлхийн 2000 гаруй хот энэ өдрийг зохион байгуулан, тэмдэглэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*