УИХ-ын чуулганы хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсонтой холбогдуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалай томиллоо.
Уг томилгоотой холбогдуулан компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Одхүү тамгыг гардуулан өглөө. Б.Даваадалай нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд банкны эдийн засагч мэргэжлээр бакалавр төгсөж, АНУ-ын Колумбын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
Тэрбээр өмнө нь Дэлхийн банкны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт эдийн засгийн бодлогын зөвлөх, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар эдийн засагч, Сангийн яаманд зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт эдийн засгийн бодлогын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай аж.