Д.НАЦАГДОРЖИЙН НАМТАРД ХОЛБОГДОХ ХҮН АМ, МАЛ ХӨРӨНГИЙН ТОО БҮРТГЭЛИЙН ЗАРИМ МЭДЭЭ



Их зохиолч Д.Нацагдоржийн

мэндэлсний 119 жилийн ойд зориулав

Д.Нацагдоржийн намтард холбогдох хүн ам,

мал хөрөнгийн тоо бүртгэлийн зарим мэдээ

Аливаа улс үндэстэн тодорхой цаг хугацаанд өөрийн ард иргэдийн хүн ам, мал хөрөнгийн тооллогыг  явуулж, түүнд түшиглэн засаг захиргаа, эдийн засаг, албан татварын бодлогоо тодорхойлж ирсэн түүхтэй. Тэдгээр тооллогын баримтууд нь тухайн цаг үедээ практик ач холбогдолтой байсан бол хожим статистикийн судалгааны гол эх сурвалж, түүхэн бие хүний намтар судлалын ховор чухаг сурвалж болж өгдөг байна.

Монголчууд төрт улсаа анх байгуулсан цаг үеэс эхлэн хүн амын тооллогыг явуулж эхэлсэн бөгөөд эдүгээ Монгол Улсын Үндэсний төв архивын  сан хөмрөгт 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтаас өмнөх үед холбогдох, Халхын дөрвөн аймгийн хэмжээнд 1739-1918 оны хооронд явагдсан хүн ам, малын 10 гаруй удаагийн тооллогын бүртгэл хадгалагдаж байна. Тэдгээрийн дотор их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Түшээт  хан аймгийн Дархан засгийн хошууны  1771, 1786, 1818, 1823, 1831, 1836, 1854, 1858, 1902, 1907, 1918 онуудад явагдсан хүн ам, малын тооллогын бүртгэл байна.

1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтаас хойш 1960 хүртэлх хугацаанд Монгол Улсад хүн ам,  мал хөрөнгийн тооллого 1922-1929, 1933, 1944, 1956 онуудад явагдсан. Эдгээр тооллогын бүртгэлийн дотор Д.Нацагдорж тооллогод хамрагдан бүртгэгдсэн 1922-1925, 1927, 1929, 1933 оны Богд хан уулын Дархан засаг хошой чин ван Пунцагдоржийн хошуу, Богд хан уулын аймгийн Богд хан уулын хошууны Баяндэлгэр уулын сум, Богд хан уулын аймгийн Богд хан уулын хошууны Тогос уулын сум, Төв аймгийн Мөнгөн морьт сумын хүн ам, мал хөрөнгийн  тооллогын баримтууд хадгалагдаж байна.

            Эдгээр тооллогын баримтуудаас Д.Нацагдоржийн өрх ам, гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд, тэдний аж амьдралын талаар түүний намтар судлалд тэмдэглэгдээгүй  цөөнгүй мэдээллийг олж мэдэж болох юм. Тухайлбал, Д.Нацагдорж арван хэдэн настайгаасаа эцгийн хамт Нийслэл Хүрээнд ирж суурьшсан боловч уугуул нутгийн хүн амын тооллогын бүртгэлд төрсөн эцэг, авга ах нарын хамт мал хөрөнгө нэгтэй өрхөөр тогтмол бүртгэгдэж байсан, төрсөн эцэг Ц.Дашдорж 1925 онд Найдансүрэн гэдэг 37 настай эмэгтэйтээ дахин гэр бүл болж, 1927 оны хүн амын тооллого болоход наснаас нөгчсөн байсан, Д.Нацагдоржийнх мал хөрөнгөөр нэн ядмаг өрх байж, бичгийн албаны цалингаар гол амьжиргаагаа болгодог байсан бөгөөд  1922 онд зөвхөн 2 мориноос өөр малгүй тул Зүүн Хүрээний   Дордовын жасын 12, Бадма Ёго-гийн жасын 5 үхрийг маллаж сүү саалийн ашиг шимийг нь авч амин зуулгадаа нэмэр болгодог байсан гэх мэт. Мөн 1924 оны 7 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн “Богд хан уулын аймгийн засаг дарга Дархан хошой чин ван Пунцагцэрэнгийн хошуу, харьяат хошууны бүхий л өрх, хүн амын нэр, насыг байцаан тодорхойлсон өргөх данс”-д хүн амын насыг бүртгэхдээ төрсөн оныг нь тэмдэглэсэн нь ихээхэн сонирхолтой. Тэрхүү дансанд тэмдэглэснээр, тус өрхийн эрэгтэйчүүд болох эцэг Дашдорж Бадаргуулт төрийн 8 дугаар он (1882) , хүү Нацагдорж Бадаргуулт төрийн 32 дугаар он (1906), авга ах Самбуу Түгээмэл Элбэгтийн 8 дугаар он (1857), авга ах Луузан Түгээмэл Элбэгтийн 11 дүгээр он (1860), үеэл ах Ванжил Бадаргуулт төрийн 21 дүгээр он (1895), үеэл дүү Нямдэндэв Хэвт Ёсны 1 дүгээр он (1908)-д, өрхийн эмс охид болох Лхамсүрэн Бадаргуулт төрийн 32 дугаар он (1906), Янжин Бадаргуулт төрийн 34 дүгээр он (1908), Гүнсэн Олноо өргөгдсөний 7 дугаар он (1917), Даваажав Олноо өргөгдсөний 13 дугаар он (1923), Доржсүрэн Олноо өргөгдсөний 4 дүгээр он (1914), Пагамдулам Бадаргуулт төрийн 32 он (1906)-д тус тус төрсөн ажээ.

            Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан хүн ам, мал хөрөнгийн тооллогын бүртгэлээс түүнд холбогдох баримтыг түүвэрлэн, худам монгол бичгээс кирил монгол бичигт хөрвүүлэн уншигч абугай та бүхэнд толилуулж байна. Жич, тоо бүртгэлд огноо, хүний насыг илэрхий ташаа тэмдэглэсэн тохиолдолд баримтад тэмдэглэсэн огноо насны хойно хашилтад уг байвал зохих огноо, насыг нэмж тэмдэглэв.



Түшээт хан аймгийн Дархан засаг хошой чин ван Пунцагцэрэнгийн хошууны хүн ам, хөрөнгө малын данс. 1918.08.05

МУҮТА. ТБА. ХА-15, Д-1, ХН-6 , Х.16

Түшээт хан аймгийн Дархан засаг хошой чин ван Пунцагцэрэнгийн хошууны хүн ам, хөрөнгө малын данс. 1922.11.20

МУҮТА. ТБА. Х-49, Д-1, ХН-2 , Х.21

Д.Нацагдоржийн намтарт холбогдох хүн ам,

хөрөнгө малын тооллогын бүртгэлүүд

№1

Олноо өргөгдсөний наймдугаар он зуны сүүл сард сайд, чуулганы дарга Дархан засаг хошой чин вангийн хошуу буулгасан Дээд Зарлигийгхичээнгүйлэн дагаж тус хошууны бүхий л хүн ам, хөрөнгө малыг байцаан тоолж өргөх дэвтэр данс

1918.08.05

“Тайж Дашдорж нас 37, өрх 1, ам 2, үхэр төлийн хамт 2, хонь төлийн хамт 21, тайж Нацагдорж нас 13” гэж бүртгэгдсэн.

Олноо өргөгдсөний зургаадугаарнаймдугаарон зургаан сарын хорин есөн

МУҮТА. ТБА. ХА-15, Д-1, ХН-6 , Х.16

№2

Түшээт хан аймгийн чуулганы дарга Дархан засаг хошой чин вангийн хошууны  хүн ам, хөрөнгө малыг байцааж тоолсон данс

1922.11.20

 “тайж Дашдорж нас 41, тайж Нацагдорж нас 17, гэлэн Самбуу 66 (65) нас, тайж лам Луузан 62 нас, гэцэл Ванжил 18 нас (27), Нямдэндэв 14  нас.

Өрх 2, ам 6, адуу төлийн хамт 2, Орон дацан ба олон газрын сүрэг малын тоо – Зүүн Хүрээ Дордовын үхэр 12, Бадам-Ёго-гийн үхэр 5” гэж бүртгэгдсэн.

Олноо өргөгдсөний арван хоёрдугаар он арван сарын шинийн хоёр,

аргын улирлын арван нэгэн сарын хорин

МУҮТА. ТБА. Х-49, Д-1, ХН-2 , Х.21

№ 3

Олноо өргөгдсөний арван гуравдугаар онд засаг дарга Дархан хошой чин ван Пунцагцэрэнгийн хошуу, тус хошууны бүхий л өрх амыг

байцаан тоолуулж өргөх дэвтэр данс

1923.12.13

“Тайж Дашдорж, хар, нас 42, тайж Нацагдорж, хар, нас 18, гэлэн Самбуу, лам, нас 66, Луузан, лам, нас 63, гэцэл Ванжил, нас 29 (28), Нямдэндэв, нас 15” гэж бүртгэгдсэн.

Олноо өргөгдсөний арван гуравдугаар он арван нэгэн сарын

шинийн зургаан, аргын арван хоёр сарын арван гурван

МУҮТА. ТБА. Х-49, Д-2, ХН-1 , Х.54

№ 4

Богд хан уулын аймгийн засаг дарга, дархан хошой чин ван Пунцагцэрэнгийн хошуу, харьяат хошууны бүхий л өрх, хүн амын нэр, насыг байцаан тодорхойлсон өргөх данс

1924.7.16

“Тайж Дашдорж, хар, нас 43, төрсөн Бадаргуулт төрийн 8-р он (1882), түшмэл Нацагдорж, хар, нас 19, төрсөн Бадаргуулт төрийн 32-р он (1906), гэлэн Самбуу, лам, нас 67, төрсөн Түгээмэл Элбэгтийн 8-р он (1857), Луузан, лам, нас 64, төрсөн Түгээмэл Элбэгтийн 11-р он (1860), гэцэл Ванжил, лам, нас 30 (29), төрсөн Бадаргуулт төрийн 21-р он (1895), Нямдэндэв, лам, нас 16, төрсөн Хэвт Ёстын 1-р он (1908).

Эмс охидын нэрс: Лхамсүрэн нас 19, төрсөн Бадаргуулт төрийн 32-р он (1906), Янжин нас 17, төрсөн Бадаргуулт төрийн 34-р он (1908), Гүнсэн нас 8, төрсөн Олноо өргөгдсөний 7-р он (1917), Даваажав нас 2, төрсөн Олноо өргөгдсөний 13-р он (1923), Доржсүрэн нас 11, төрсөн Олноо өргөгдсөний 4-р он (1914), Пагамдулам нас 19, төрсөн Бадаргуулт төрийн 32-р он (1906).

Монгол Улсын арван дөрөвдүгээр он зургаан сарын арван таван,

 Европын долоодугаар сарын арван зургаан

МУҮТА. ТБА. Х-49, Д-2, ХН-2, Х.53

№5

Богд хан уулын аймгийн Богд хан уулын хошууны Баяндэлгэр уулын сумын хоёрдугаар багийн хоёрдугаар арваны өрх амын данс

1925 он

“Дашдорж нас 44, хар, монгол бичиг мэднэ, албанаа, төрсөн хөвгүүн Нацагдорж нас 20, хар, монгол, орос бичиг мэднэ, албанаа, авга ах Самбуу нас 68, лам, авга ах Луузан нас 65, хар, мал адуулдаг, ач дүү Ванжил нас 31 (30), лам, ач дүү Нямдэндэв нас 17, хар

Эмс охид: Авааль эм Найдансүрэн нас 37, гэрийн ажил, бэр Пагамдулам нас 20, монгол бичиг мэднэ, албанаа, төрсөн хүүхэн Жаргал нас 12” гэж бүртгэгдсэн.

МУҮТА. ТБА. Х-49, Д-2, ХН-7, Х.54

№6

Богд хан уулын аймгийн Богд хан уулын хошууны Баяндэлгэр уулын сумын арван нэгдүгээр арваны хүн амын данс

1927.12.11

 “Өөдөөгийн Луузан нас 55 (67), хөвгүүн Ванжил нас 24 (32), мал адуулмуй, хөвгүүн Дэндэв нас 20 (19), мал адуулмуй, ах Самбуу нас 70, зээ Нацагдорж нас 20, Монгол бичгийн албанаа, эхнэр Үржин нас 56, бэр Пагамдулам нас 20, Монгол бичиг мэднэ, албанаа” гэж бүртгэгдсэн.

Монгол Улсын арван долоодугаар он арван хоёр сарын арван нэгэн

МУҮТА. ТБА. Х-49, Д-2, ХН-25, Х.119

№7

Богд хан уулын аймгийн Богд хан уулын хошууны Тогос уулын сумын долоодугаар хорин өрхийн хүн, хөрөнгийн бүртгэл данс

1929 он

“Луузангийн Дэндэв, хар, нас 22, гэр малын ажилтай, эцэг Луузан, хар, нас 67 (69), гар, хөл дутуу тахир, ах Самбуу лам, нас 72,  ах Ванжил, хар, нас 26 (34), ах Нацагдорж, нас 24, хүүхэн Пагмадулам, нас 24, эх Үржин, нас 58, гэр малын ажилтай.

Дэндэвийн мал ба үл хөдлөх хөрөнгө нь: морь 2, гүү 1, охин үхэр 2, төл 1, эр хонь 17, эм хонь 28, төл 15, байшин 2,  эсгий гэр 2, хоёр дугуйтай морин тэрэг 4” гэж бүртгэгдсэн.

МУҮТА. ТБА. Х-49, Д-2, ХН-48, Х.304-306

№8

Төв аймгийн Мөнгөнморьт сумын хоёрдугаар багийн

хүн ам ба хөрөнгө малын бүртгэл

1933 он

            “Луузангийн Дэндэв нас 27, хар, ах Луузан нас 71, лам, ах Ванжил нас 30, лам, ах Самбуу нас 75, лам, эх Норжмаа нас 62, ах Нацаг нас 28, хар

            Дэндэвийн мал ба үл хөдлөх хөрөнгө нь: морь 2, гүү 2, үнээ 1, эр бяруу 1, эр хонь 4, эм хонь 8, эр хурга 2, охин хурга 2, хашаа 1, байшин 2, эсгий гэр 2, хоёр дугуйтай модон тэрэг 2”  гэж бүртгэгдсэн. 

МУҮТА. ТБА. Х-550, Д-1, ХН-1542, Х.65

Архивын ерөнхий газрын Сургалт судалгааны газрын

Эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph) Г.Дашням

                                                           Н.Төмөр-Очир

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*