“Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл”-ийг байгуулан, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа 94 дэх нь МОНГОЛ УЛС

Засгийн газрын 2018 оны 63 дугаар тогтоолоор гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл”-ийг байгуулсан билээ.

Япон Улсад 2005 онд зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах II бага хурал”-аар Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийг байгуулах санааг дэвшүүлж, улмаар 2015 онд Сендай хотод болсон III бага хурлын үеэр энэхүү зөвлөлийг баталгаажуулах ажил олон улсын түвшинд хийгдэж эхэлсэн. Энэ хүрээнд НҮБ-д бүртгэлтэй 187 улсаас Монгол Улс “Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл”-ийг байгуулан, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа 94 дэх улс болсон юм.

-Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т улсын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл; аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд орон нутгийн зөвлөлийг байгуулж, 22.5-д хөгжлийн бодлого төлөвлөлтөд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг тусгах, бодлогын зөвлөмж, чиглэл гаргах чиг үүргийг хэрэгжүүлэхээр зохицуулсан. Статусын хувьд орон тооны бус зөвлөл юм.

-Гамшгаас хамгаалах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2018 оны 63 дугаар тогтоолоор Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ажиллах журам болон бүрэлдэхүүнийг анхлан батлуулсан. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 2020 оны нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор энэхүү зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчилсэн. Шинэчлэн баталснаар үндэсний болон аймаг, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл байгуулах эрх зүйн орчин бүрдэж, өнөөдрийн байдлаар үндэсний 1; аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд 31 буюу нийт 32 зөвлөл үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Зөвлөлийн анхдугаар хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн дарга гамшгийн эрсдэлийг бууруулахад бүх шатны байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах, оновчтой алсын хараа, эрсдэлийг бууруулах зөв менежментэд суурилсан цогц төлөвлөгөөг хийх, үндэсний болон орон нутгийн зөвлөлийн чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийг хуваалцах даатгалын механизмыг хөгжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, шинжилгээнд суурилсан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хөгжүүлж, дэвшилтэт техник технологи, инновацыг нэвтрүүлэхэд илүүтэй анхаарч ажиллах талаар гишүүдэд үүрэг чиглэл болгосон.

-Монгол Улсын Ерөнхий сайд, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн даргаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай” 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийг батлуулан хэрэгжилтийг ханган ажилласан. Тус зөвлөмжид 15 бүлэг, 29 арга хэмжээ тусгагдсанаас 2021 онд хэрэгжилтийн биелэлт 89.6 хувьтай дүгнэгдэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай 4 арга хэмжээг 2021 оны зөвлөмжид тусгасан.

-Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2021 оны ээлжит хуралдааныг 07 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж, хуралдааныг тус зөвлөлийн орлогч дарга, Монгол Улсын Шадар сайд удирдан явуулсан. Хуралдаанаас гарсан нийт 24 арга хэмжээ бүхий зөвлөмж, чиглэлийг гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн гишүүд, орон нутгийн зөвлөлд хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2021 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар хэрэгжилтийн явц 80 хувьтай байна.

Зөвлөлийн 2021 оны ээлжит хуралдаан нь дэлхийн хэмжээнд тархаад буй коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын сөрөг үр дагаврыг даван туулах, халдвартай зэрэгцэн амьдрах амьдралын шинэ хэв маягт шилжихэд бэлтгэх, халдварын эрсдэл, түүнээс учрах сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг урт хугацааны бодлогоор шийдвэрлэх, болзошгүй хүчтэй газар хөдлөлт, гал түймэр, цаг агаарын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн эрсдэлийг бууруулах, барилга, байгууламж, зам, дэд бүтцийн гамшгийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизмыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулснаараа онцлогтой.

Олон улсын хэмжээнд хүн ам, нийгэм эдийн засаг, хүрээлэн буй орчинд ихээхэн хэмжээний хохирол учруулж болзошгүйд тооцогддог 40 гаруй гамшгаас манай оронд 15 орчим төрлийн аюулт үзэгдэл, осол тохиолддог. Монгол Улсад сүүлийн 5 жилийн дунджаар жилд 4660 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, түүний улмаас 202 хүн нас барж, 65.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилтийн чиглэлээр:

Аюулт үзэгдэл, ослын тоо давтамж, хамрах хүрээ нэмэгдэхийн хэрээр учрах хохирлын хэмжээ мөн нэмэгдэнэ. Ялангуяа тогтмол өсөн нэмэгдэж байгаа төв суурин газрын хүн амд тэр хэмжээгээр болзошгүй аюул, эрсдэлийн түвшин нэмэгддэг. Тиймээс гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх, түүнд шаардагдах хөрөнгийг төсөвт тусгаж, оновчтой зарцуулах шаардлага тулгараад байна.

Энэ хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын 51 дүгээр зүйлийн 51.2 дугаар заалтад “Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, нийслэл, сум, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийн 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төсөвлөж зарцуулна” гэж тусгасан.

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгийн эрсдэлийг шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр:

            Сүүлийн жилүүдэд хүчтэй газар хөдлөлт, үер болон бусад аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж нэмэгдэх хандлагатай байгаагаас Улаанбаатар хот орчимд эрс өсч, жил бүр эрчимшил ихтэй аадар борооноос үүсэх үерт их, бага хэмжээгээр өртөн хүний амь нас эрсдэх, эдийн засгийн салбар, иргэдийн өмч хөрөнгөнд хохирол учирсаар байна.

 Түүнчлэн 2021 онд Монгол орны нутаг дэвсгэрт 131904 удаагийн газар хөдлөлт болсон бөгөөд магнитуд нь 5.- 5.9 газар хөдлөлт 11 удаа, магнитуд нь 6.- 6.9 газар хөдлөлт 2 удаа болсон байна. Энэ мэт эрчимтэй нэмэгдэж байгаа газар хөдлөлтийн гамшгаас үүдэн дэд бүтэц болох эрчим хүчний салбарт гэмтэл гарах, тасалдах, улмаар шаардлагатай эмнэлгийн үйл ажиллагаа доголдох, ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа зогсох зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулах эрсдэлтэй. Иймд эрчим хүчний салбарын эрсдэлийн үнэлгээ хийж, салбарын хэмжээнд үүсэж болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөлт хийх шаардлага тулгарсан.

Дээрх хүндрэл бэрхшээлийг харгалзан үзэж Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2021 оны ээлжит хуралдаанаар гамшгийн эрсдэлийг бууруулахад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрсдэлийг хуваалцах механизмыг хөгжүүлэх нь онцгой чухал ач холбогдолтой гэдгийг тодорхойлсон.

Улмаар “Гамшгийн үр дагаврыг урт хугацаанд даван туулах, цаашид тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах сангийн эх үүсвэрийг тодорхой болгож бүрдүүлэх, гамшгийн эрсдэлийн сангийн хуримтлал бий болгож гамшгийн эрсдэл, болзошгүй хохирлыг даатгалын арга хэрэгслээр бууруулах, гамшгийн даатгалын холбогдох хууль тогтоомжийг боловсруулж батлуулах, энэ чиглэлээр даатгалын бүтээгдэхүүн гаргахад төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих” чиглэлээр холбогдох арга хэмжээ /Сангийн яаманд/-г авч хэрэгжүүлэхийг чиглэл болгон ажиллаж байна.

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*