Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/ болон хүнсний аюулгүй байдал, стандартын байгууллагуудаас өнөөдөр /2024.12.24/ хүүхдийн бэлгэнд хийсэн шинжилгээний дүнг танилцуулсан юм.
Нэг уут хүүхдийн бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэх сахар агуулагдаж байгаа нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс хэд дахин өндөр байгааг танилцууллаа. Хүүхдийн бэлгэн дэх ундаа нь стандарт хэмжээнээс хэд дахин их сахар агуулж байна. Таван багц бэлгэнд 37 нэр төрлийн бүтээгдэхүүнд дүн шинжилгээ хийхэд 591 ккал илчлэгтэй буюу ДЭМБ-ын зөвлөмжөөс 6.8 дахин өндөр байна. ДЭМБ-ын нэмэлт чихрийн хэмжээг нийт илчлэгийн таван хувиас багагүй байхаар зөвлөдөг байна.
Жишээлбэл, 7-10 настай эрэгтэй хүүхэд 1820 ккал илчлэг, эмэгтэй хүүхэд 1650 ккал илчлэг хүнсээр авах хэмжээтэй байдаг.
НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан "Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудлын нэг бол бага насны хүүхдүүдийн илүүдэл жин таргалалт юм. Улсын хэмжээнд 2023 онд хийгдсэн Хүн амын хоол тэжээлийн үндэсний 6 дугаар судалгаанаас хүүхдийн илүүдэл жин, таргалалт, чихэрлэг хүнсний хэрэглээтэй холбоотой дараах үр дүн урьдчилсан байдлаар гарсан байна. Үүнд:
Монгол улсын 6-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь зохистой байдлаар хооллож чадахгүй байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь насандаа тохирсон давтамжаар, зохих нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж чадахгүй, 31.8% жимс, хүнсний ногоо огт хэрэглэхгүй байна.
Бага насны хүүхдийн нэмэгдэл хооллолтын дадлын үзүүлэлтүүд 2017 оны түвшнээс сайжраагүй төдийгүй, их тосонд шарсан эрүүл бус хүнсний хэрэглээ (42.2%) харьцангуй түгээмэл, 3 хүүхэд тутмын 1 чихэрлэг ундаа хэрэглэж байна. Түүнчлэн ЕБС-ийн 1-12 дугаар ангийн суралцагчдын 19.6% илүүдэл жинтэй, тарган 6.2% байгаа нь тогтоогдсон.
Илүүдэл жин ба таргалалтын тархалтын түвшин охидтой харьцуулахад хөвгүүдийн дунд, орон нутагтай харьцуулахад хотын хүүхдийн дунд илүү их байна. Илүүдэл жингийн тархалтын түвшинг хүүхдийн насаар харьцуулан үнэлэхэд,
- 6-9 нас 24.5 хувь
- 10-12 нас 22.4 хувь
- 13-15 нас 13.6 хувь
- 16-19 нас хүүхэд 15.7 хувь байна.
Дээрх үр дүнгээс харахад хоол хүнсний нэр төрөл, хэрэглээг өөрчлөх, идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх замаар бага насны болон өсвөр насны хүүхдүүдийн дундах жингийн илүүдлийг бууруулах, цаашид жин нэмэх, насанд хүрсэн хойноо илүүдэл жин ба таргалалттай холбоотой архаг өвчлөлд өртөх эрсдэлээс сэргийлэх асуудал нэн тулгамдаж байна.
Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/-ын захирал О.Нандин-Эрдэнэ "Стандарт хэмжилзүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори шинэ жилийн баяр болж буй эдгээр өдрүүд буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 16- 20 ны хооронд томоохон худалдааны төвүүдэд худалдан борлуулж буй хүүхдийн ууттай бэлгэнд хүнсний хими, хүнсний нэмэлт, хор судлал, хүнд металл, микробиологийн шинжилгээ, хаяг, шошгожилтод стандарт арга аргачлалын дагуу шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, тандалт судалгааг хийхэд, стандартын шаардлага хангаагүй үзүүлэлт нэг гарсан бөгөөд ундааны дээжийн хуурай бодисын хэмжээ MNS 0687-1:2012 төрөл бүрийн жимс жимсгэнэ, ногооны шүүс. техникийн ерөнхий шаардлагын дагуу 4-9% байх ёстойгоос 13% байв. Энэ нь ундааны сахарын агууламж стандартад заасан хэмжээнээс их байгааг харуулсан байна.
Иймд хүүхдүүддээ бэлэг сонгохдоо өөрт хэрэгцээтэй болон сахарын агууламж багатай, биед ач тустай амин дэмээр баялаг зүйлсийг сонгохыг уриалж байна.