Цагдаа, дотоодын цэргийн Удирдах ажилтны “Асуудлаас шийдэлд” уриатай бүсчилсэн зөвлөгөөн 2024 оны 1 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцон үг хэлж, үүрэг чиглэл өгсөн юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нийт бие бүрэлдэхүүнд хандан төр, ард түмнээ хамгаалах, нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь талархал илэрхийлж, сүүлийн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөлөөллийн аянууд бодит үр дүнгээ өгч байгааг энэ үеэр онцлон тэмдэглэв. Удирдах ажилтны зөвлөгөөний хоёр дахь (2024.01.18) өдрийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр оролцож, цагдаа дотоодын цэргийн удирдах ажилтнууд болон салбарынхандаа хандан үг хэлж, амжилт хүсэв.
Б.Энхбаяр сайд хэлсэн үгэндээ “Цагдаагийн байгууллагын ажилтан, алба хаагчид та бүхний өдөр тутмын үйлдэл, үйл ажиллагаан дээр хууль хамгийн “ойр” тусдаг. Хууль сахиулагчид бол “ярьдаг” хууль юм. Хуулийг хэлбэрэлтгүй, алагчлалгүй хэрэгжүүлж, ард түмний төрдөө итгэх итгэлийг сэргээх учиртай. Ганцхан хууль сахиулагчийн буруу үйлдэл, болгоомжгүй үг, булхайтай явдал энэ албаны нэр хүндийг бага багаар татаж унагах хүчин зүйл болдог юм шүү. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Муу нуухаар сайн илчил” гэдэг зарчмыг баримталж байгаа. Алдаа дутагдлаа нууж хаах, хав дарах биш халз тулж, аль болох хурдан асуудлаа шийдвэрлэх нь хамгийн үр дүнтэй. Ард иргэдийг басаж болохгүй. Монголын ард түмэн ухаантай бас хэрсүү болсон. Нэг удаагийн үйлдэл, заль мэхээр аргалаад үлддэг байдлыг мэддэг болсон. Тиймээс алдаа дутагдалдаа ч үнэн байгаарай. Цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа шударга, нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлах ёстой. Бид хүний эрх, эрх чөлөө, үе хоорондын ялгаатай байдал гээд нийгэм, соёлын олон өвөрмөц ойлголтуудтай ийм цаг үед амьдарч, аж төрж байна.
Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний 60 гаруй хувь нь 1980 оноос хойш төрсөн хүмүүс ажиллаж байна. Энэ үе болон сэтгэлгээний ялгаа, онцлогийг удирдах арга барилдаа маш сайн суулгаж, нэгнийгээ ойлгож ажиллах учиртай. Удирдагч хүн бол тухайн цаг үедээ хөтлөгдөж бус, чиглүүлж, “мөс хагалж” явдаг. Тиймээс та бүхэндээ ажил, албандаа уян хатан чанар болоод захирах, захирагдах дэг журмыг хослуулан хэрэгжүүлж яваарай. Цагдаагийн байгууллага хүний эрх, эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй ажиллах нийгэм цаг үеийн шаардлага урган гарч байна.
Буруу булхайтай асуудалд айж нялцганаад байх хэрэггүй. Довтлохоос хулчийх ч шаардлагагүй. Тэд эрх мэдэлтэй, мөнгөтэй, медиатай байх эсэх нь чухал биш ээ. Алхам тутамд шударга бус үйлдэлтэй нүүр тулж байгаа болохоор ард түмэн хариуцлага нэхэж байна. Төр гэдэг ард түмнийхээ итгэл дээр оршдог.
Өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллахдаа миний хэлж байсанчлан цагдаагийн байгууллага улстөржилт, улс төрийн томилгооноос ангид байх ёстой. Цагдаагийн байгууллагад ганцхан дарга байх ёстой, тэр нь хууль юм. Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд түлхүү анхаарал хандуулж, ард иргэдийг хар бараан мэдээгээр сэрдхийлгэх биш гэрэл гэгээтэйг нь бас түгээдэг байгаасай гэж хүсэж байна. Нийгмээрээ сөрөг мэдээний хохирогч болж, стресс бухимдалд автдаг байж таарахгүй.
Цаашдаа цагдаагийн байгууллагын бүх шатны ажилтан алба, хаагчид ажлын ур чадвар, мэдлэг боловсрол, өөрийн хичээл зүтгэлээр төрийн албаны мерит зарчмаар шударгаар “үнэлэгддэг” зарчим нутагших ёстой. Ийм зарчмыг баримталж, алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарах, дэмжих чиглэлд анхаарч ажиллана” гэлээ. Цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтны арга хэмжээнд нийслэл, орон нутгийн нийтдээ 224 удирдах албан тушаалтнууд оролцов.
Эх сурвалж. ХЗДХЯам