Хангайн нуруунаас шүхрээр буух зорилгоор Монгол Улсад ирсэн Их Британийн парапланы тамирчин 54 настай Стив Нэш 2016 оны наймдугаар сард Архангай аймгийн Хангай сумын Бэрх багийн нутагт бусдад дээрэмдүүлж, хутгалуулж нас барсан харамсалтай явдал тохиолдож байв.
Тухайн үед цагдаагийн байгууллага гэмт хэрэгтнийг шуурхай илрүүлж, Архангай аймгийн харьяат, 31 настай “Г” гэх этгээдийг баривчилсан юм. Сэжигтэн Английн иргэнээс дээрэмдсэн эд зүйлсээ нуусан байсныг илрүүлж, 2017 онд Монгол Улсын шүүхээс түүнийг 16 жилийн хорих ялаар шийтгэсэн.
Тэгвэл хохирогчийн ар гэрийн хүсэлтээр 2020 оны нэгдүгээр сард уг хэргийг шүүх ажил Их Британи улсад эхэлсэн. Английн “BBC” агентлаг Чешир мужийн Уоррингтоны хүн амnны хэргийн шүүхэд болсон шүүх ажиллагааны үеэр хохирогчийн эхнэрийн мэдүүлсэн мэдүүлгийн талаар мэдээлсэн юм.
Стив Нэш өөрийн найз Гарет Астоны хамт Монгол Улсад 10 өдрийн аялал хийхээр төлөвлөсөн байна. Аялалд явахын өмнө эхнэр нь түүнээс аялалд нь санаа зовж байгаагаа илэрхийлэхэд Стив Нэш “Монголчууд бол хамгийн найрсаг, сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс. Би тэнд Манчестераас илүү аюулгүй байх болно” гэж хариулсан талаар шүүхэд мэдүүлжээ.
Монгол дахь аяллын үеэр Гарет Астон гэмтэл авсан тул Стив Нэш аяллаа цааш ганцаар үргэлжлүүлэхээр шийдсэн юм. Гэвч 2016 оны есдүгээр сарын 1-нд буюу тэднийг салсны маргааш нь нутгийн иргэд хоёр удаа хутгалуулж нас барсан Стив Нэшийн цогцсыг Хандаргат давааны Хөөт гэх газраас олсон байдаг.
Эх сурвалж: BBC
itoim.mn