Б.Баатарсүх: Вакцин хийлгэх нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх сонгодог арга

Сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Коронавирус, томуу, томуу төст өвчний эхний илрэх шинж тэмдэг төстэй. Тиймээс иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүхтэй ярилцлаа.

-Томуу, томуу төст өвчний дэгдэлт хэр их байна вэ?

-Халдвар судлалын 40 дэх долоо хоногийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 77.045 үзлэг хийгдсэнээс 1284 тохиолдол буюу 1.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 0.1 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Нийт үзлэгийн 54.3 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд, 68.3 хувийг ес хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх хувь нь бага насны хүүхдүүд байдаг. Энэ өвчлөл бол улирлын чанартай. Аравдугаар сараас дараа оныхоо дөрөв, тавдугаар сар хүртэл үргэлжилдэг онцлогтой өвчин. Халдварт өвчин, ялангуяа амьсгалын замын хурц халдварт өвчнөөс иргэдийг сэргийлэх ажил нэлээн далайцтай хийгдэж байна. Энэ нь дэлхий нийтэд “Ковид-19” вирус тархсантай холбоотой. Тиймээс иргэд өөрсдийгөө болон гэр бүлийнхээ гишүүдийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Томуу, томуу төст өвчин вакцинжуулалтаар бүрэн урьдчилан сэргийлэгддэг өвчин.

-Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирусийг хэрхэн ялгах вэ?

-Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирусийн илрэх шинж тэмдэг хоорондоо төстэй. Бид “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалд байгаа учир амьсгалын замын халдварын шинж тэмдэг илрэх юм бол хамгийн түрүүнд коронавирус байх магадлалтай гэж үзэн сэрэмжтэй байх хэрэгтэй. Халдвар авсан байх магадлалтай учир эрүүл мэндийн байгууллагад хандаж, үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд халдвар судлалын асуумж судалгаагаар, зарим нэг клиник шинж тэмдгээр, мөн вирус судлалын үүсгэгч илрүүлэх лабораторийн шинжилгээгээр ялгааг баталж байгаа.

Амьсгалын замын халдварт өвчин халуурах, толгой өвдөх, нус гоожих, хоолой өвдөх, ханиах, үе мөч, бие өвдөх зэрэг нийтлэг шинж тэмдгээр илэрдэг. Дэлхийн эрдэмтэд амьсгалын замын өвчлөл 200 гаруй вирусээр үүсгэгдэж байна гэсэн судалгаа гаргасан байдаг. Харин манай улсад “Ковид-19”  вирусээс гадна томуу, томуу төст өвчин зэрэг 20 гаруй төрлийн вирусийг тодорхойлж, судалдаг. Ямар төрлийн вирус болохыг тодорхойлохын тулд улсын хэмжээнд маш олон лабораторид сорьцын шинжилгээг долоо хоног бүр хийдэг. Өнөөдрийн байдлаар томуугийн вирус бүртгэгдээгүй. Сүүлийн жилүүдэд арванхоёр, нэгдүгээр сард томуугийн вирус бүртгэгдэж өвчлөл үүсгэж байгаа. “Ковид-19” вирусийн халдвар авсан байх магадлалтай хамгийн өвөрмөц шинж тэмдэг бол үнэр, амтны мэдрэхүй алдагдах явдал. Энэ шинж тэмдэг дэлхий дахинд батлагдсан.  

-Томуу, томуу төст өвчнөөр өвдөж байгаа иргэдийн хэдэн хувь нь хүүхэд байна вэ?

-Томуу, томуу төст өвчнөөр бүх насны иргэд өвддөг ч 90 орчим хувийг 15 хүртэлх  насны хүүхдүүд эзэлдэг. Тиймээс бид хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт ямар байгааг түлхүү анхааран ажилладаг байсан. Харин “Ковид-19” халдварын тархалт насны ялгаагүй, нийтлэг байна. Түүнээс гадна вакцинжуулалтад хамрагдаагүй иргэд ихээр халдвар авч байна. Мөн томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирусийн аль аль нь архаг хууч өвчин, зүрх судас, бусад эрхтний хавдартай иргэдэд хүндрэл үүсгэдэг тал бий. Ер нь амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн гол ажил бол дархлаагаа дэмжих, амин дэм баялаг, илчлэг ихтэй хоол хэрэглэх, халуун бүлээн шингэн уух, идэвхтэй хөдөлгөөн хийх, ажил, амралтаа зохицуулах юм. Түүнчлэн, орчны цэвэрлэгээ, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх, сургууль, цэцэрлэг, ажлын байранд агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийж, халдваргүйтгэлийг зохих журмын дагуу хийх хэрэгтэй.

-Амьсгалын замын өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Вакцинжуулалтад хамрагдах нь амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх сонгодог арга. Вакцины бүрэн тунд хамрагдах нь амьсгалын замын өвчлөлийн хүндрэлээс бүрэн сэргийлдэг гэдгийг иргэд мэдэж байгаа байх. Тиймээс зорилтот бүлгийн болон зохих насны иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж  хоёр хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулдаг.

Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол амны хаалт зүүх. Иргэдийн дунд амны хаалт зүүх хэрэглээ сайн байгаа. Гэвч зөв зүүхгүй байна. Амны хаалтыг 2-3 цаг тутамд байнга сольж байх хэрэгтэй. Түүнээс олон цаг зүүвэл амны хаалт дээр өвчин үүсгэгч вирус сууж, эргээд халдвар тараах эрсдэл үүсгэдэг юм. Мөн гараа тогтмол угаах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” вирус зэрэг амьсгалын замын өвчлөл нь иргэдийн дунд агаар дусал болон хавьтлаар хурдан тархдаг. Тиймээс олон хүнтэй газраар аль болох явахгүй байх нь өвчний тархалтыг бууруулах ач холбогдолтой.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*