Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон холбогдох албаны хүмүүс цар тахлын улмаас хил гааль дээр саатсан ачаа бараа гаргах, татан авах, манай талаас хамаарах хүндрэл бэрхшээлийг бууруулах асуудлыг шийдвэрлэхээр Замын-Үүд боомтод ажиллаж байна.
Шадар сайд Замын-Үүд дэх төмөр зам болон авто замаар чингэлэг тээвэрлэх, шилжүүлэн ачих “Бүс нутгийн ложистик төв” болон Гаалийн бүрдүүлэлтийн албаар орж, ачаа тээврийн ажлын бэлтгэлийг шалгалаа. Бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг албаны хүмүүс мэдээллээ.
Дараа нь Замын Үүд дэх тээвэр эрхлэгчид болон тээвэр эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзлаа. Шадар сайд С.Амарсайхан тээвэр эрхлэгчдийн асуултад хариулж, хэлсэн үгэндээ "Та бүхэн 30 жилийн турш урд хөршөөс ачаа бараа тээвэрлэн Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрт хүргэж, чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас хил гаалиар нэвтрэх ачаа бараа саатаж, улс орны хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнэ өсөхөд хүргэж байна. Гурван сарын турш хаалттай байсан хил, гааль нээгдэх гэж байгаа учраас төр засгийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримтлан, бараа тээвэрлэлтийг таслалтгүйгээр явуулах зорилгоор тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр бэлтгээд байна. Улс эх орны эрх ашгийн төлөө зохион байгуулж буй эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхэд тээвэрчид та бүхний үүрэг оролцоо нэн чухал" гэдгийг онцолж байлаа.