“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2024” өрнөж байна

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр“ болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн.

Манай улс 2012 оноос эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг өрнүүлж, тус аяны хүрээнд хууль тогтоомжийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрны соёлыг төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн.

Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө” уриаг гаргасан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2024” арга хэмжээг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан уриатай уялдуулан “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” уриан дор 13 дахь жилдээ улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэхүү сарын аян нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох, ажлын байран дахь осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*