Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг холбох, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх боломжтой гэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.05.05/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн Ким Ён Жү-г хүлээн авч уулзлаа.

Үндэсний Ассамблейн гишүүн Ким Ён Жү нь БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан төдийгүй бүс нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг олон талт чиглэлээр өргөжүүлэх, эмэгтэйчүүдийн манлайллыг онцгойлон дэмжиж ажилладаг байна.

Тэрбээр энэ удаагийн айлчлалын хүрээнд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, тэдний мэргэжлийн болон удирдан манлайлах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ. Мөн тодорхой зорилтот сэдвийн хүрээнд нэгдсэн сургалт зохион байгуулна гэдгээ уулзалтын үеэр тэмдэглэлээ.

Уулзалтаар талууд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг дэвшилтэт хэлбэрээр улам өргөжүүлж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ урсгалуудыг эхлүүлэхэд харилцан дэмжиж ажиллахаа санал нэгтэй илэрхийлсэн юм.

Түүнчлэн БНСУ-ын Засгийн газрын харьяа Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлагийн (KOTRA) Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Мин Сон Мү эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлж, худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал бодлоо хуваалцав. Тухайлбал, Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг холбох, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх боломжтой гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улстай ах дүүсийн харилцааг хөгжүүлж, манай улсын эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжин хамтран ажиллах санаачилга гаргаж байгаад талархал илэрхийлээд бүхий л талаар дэмжин ажиллахаа тэмдэглэсэн.

Уулзалтын үеэр БНСУ-ын нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, сүүлийн үеийн технологи, шийдлүүд, харьцуулсан судалгаа, мэдээллийн талаар “RHP” группийн төлөөлөл танилцууллаа. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах шийдлүүдийн нэг LRT буюу хөнгөн галт тэрэгний давуу тал, онцлог, бүтээн байгуулалтын шинэлэг технологи болон бусад асуудлын талаар ярилцав.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын  Парламентын сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, БНСУ-ын Засгийн газрын харьяа Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжигч агентлагийн (KOTRA) Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дарга Мин Сон Мү болон тус улсын барилга, дэд бүтэц, нийтийн тээврийн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*