Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Залуу офицеруудыг хөгжүүлж, нийгмийн хамгааллыг нь нэгдсэн бодлогоор шийдвэрлэх шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Залуу офицеруудыг хөгжүүлж, нийгмийн хамгааллыг нь нэгдсэн бодлогоор шийдвэрлэх шаардлагатай

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицеруудын чуулга уулзалт” 2023 оны 09 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд болж байна.

Чуулга уулзалтаар залуу офицерууд идэвх санаачилга, үзэл бодол, ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа өөрсдөө тодорхойлж, мэдлэг, туршлагаа солилцлоо. Мөн нийгмийн асуудал, манлайлал, хөгжлийн талаарх социологийн судалгааны дүн, эрдэм шинжилгээний хурал болон дэд чуулганаас гарсан санал, дүгнэлтээ хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтад оролцон, залуу офицеруудад баяр хүргэж үг хэлэв.

Тэрбээр залуу офицеруудыг хөгжүүлж, нийгмийн хамгааллыг нь нэгдсэн бодлогоор шийдвэрлэж байх ёстой гэж үздэгээ тэмдэглэв. Мөн удирдлагын манлайлал, хамт олны уур амьсгал, ажиллах орчин нөхцөл чухал бөгөөд шударга, ил тод, шатлан дэвших зарчимд тулгуурласан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх нь чухал байгааг удирдах бүрэлдэхүүнд анхаарууллаа.

Залуу офицерууд шинжлэх ухаан, технологи, мэргэжлийн мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлж байхыг захиж, тэдний хүсэл мөрөөдөл, санал санаачилга, хөгжил дэвшлийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа хэлэв.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Шилдэг офицер” шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 24-26-ны өдөр Дотоод хэргийн их сургууль болон Хужирбулан дахь Зэвсэгт хүчний сургалтын төв, Чингэлтэй дүүргийн Хайрхан хөгжлийн төвд болсон байна.

Тэмцээнд 10 байгууллагын 80 офицер оролцож, цэргийн дүрэм, гадаад хэлний мэдлэг, эсээ бичлэг, илтгэх ур чадвар, буудлага, сэтгэл хөдлөлөө удирдах болон багаар ажиллах чадвар, бие бялдрын бэлтгэлжилт төрлөөр өрсөлджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх тэмцээнд тэргүүн байр эзэлсэн Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тусгай хүчний цэргийн командлалын офицер, ахмад Н.Дэлгэрмаа, мөн командлалын офицер, ахмад Г.Жавхлантөгс нарт тус бүр хоёр өрөө байрны батламж гардуулж, баяр хүргэн, амжилт хүсэн ерөөв.

Тэмцээний тусгай, гутгаар, дэд байрт шалгарсан залуу офицеруудад Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр нар шагнал гардуулав.

“Залуу офицеруудын чуулга уулзалт”-ыг угтаж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан Ажлын хэсэг залуу офицеруудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, урам зориг нэмэх, манлайлах, мэргэжлээрээ бахархах, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх, нийгмийн идэвхийг өрнүүлэх, залуу гэр бүлийг дэмжих чиглэлээр 43 цуврал ажил, арга хэмжээ зохион байгуулжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*