Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг "Харвалтын нэгж"-тэй боллоо

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буюу “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-өөр мэдрэлийн тусламж үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх, цар хүрээг тэлэх, улсын томоохон эмнэлгүүдэд ирэх ачааллаас хуваалцах зорилгоор “Харвалтын нэгж”-ийг байгуулан үйл ажиллагаанд орууллаа.

Жил бүр дэлхий дахинд 17 сая хүн тархиндаа цус харваж, үүнээс 6,5 сая хүн нас барж, 26 сая хүн харвалтаас болж тахир дутуу үлддэг ба 6 секунд тутамд нэг хүн харвалтад өртөж байгаа гэсэн судалгаа байдаг.

Статистик тоо баримтаас үзэхэд зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын дийлэнх хувийг тархинд цус харвалт, зүрхний шигдээс эзэлж, 2020 онд тархинд цус харвалт 24.5%, зүрхний шигдээс 41.9%-ийг эзэлж байна.

Монгол оронд жилээс жилд тархинд цус харвах тохиолдол, нас баралтын тоо улам бүр нэмэгдэж, үхэлд хүргэх байдлаар 2-т бичигдэж, гэнэтийн үхлийн гол шалтгаан болж байгаа бөгөөд тархины харвалтын өвчлөл, тархалт, эрсдэлт хүчин зүйлээр өндөр орны тоонд багтдаг. Харвалтын нэгжийг байгуулснаар харвалтын эрсдэлийг эрт оношилж дараагийн гарах хүндрэлээс сэргийлж чадах юм.

Монгол улсын хэмжээнд харвалтын тусламж үйлчилгээний мэргэшсэн төв нь одоогоор Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг бөгөөд Улсын 1, 2 дугаар төв эмнэлэг нь энэ чиглэлээр ижил түвшний үйлчилгээ үзүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа юм. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хувьд ч мөн тархины харвалтын нэгжийг байгуулж, илүү лавшруулсан тусламж үйлчилгээг үзүүлэхээр үе шаттай ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. 

Тус эмнэлгийн Мэдрэлийн тасгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд тархины цочмог харвалтын эзлэх хувь 2018 онд 2 хувь байсан бол 2021 онд 6 хувь болж, жилээс жилд өсөх хандлагатай байна.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*