Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08:40 цагийн байдлаар 43.6 мянган албан тушаалтан буюу 93.2 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй 338 төрийн өндөр албан тушаалтан байгаагаас одоогоор 149 буюу 44.1 хувь нь гаргаж ирүүлээгүй байна.
Сангийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Үндэсний статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар, Баянхонгор, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Дундговь, Хэнтий, Төв, Хөвсгөл, Увс аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагууд ХАСХОМ гаргуулах ажлын явц 95 ба түүнээс дээш хувьтай байна.
Харин дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна. Тухайлбал,
- Шүүхийн ерөнхий зөвлөл
- Эрүүл мэндийн яам
- Ашигт малтмал, газрын тосны газар
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
- "Эрдэнэс Монгол" ХХК
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
- Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
- Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар
- Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
- Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар
- Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
Албан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй тул хуулийн хугацаанд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахыг уриалж байна.
Тус газраас 2022 оны 2 дугаар сарын 12, 13-ны амралтын өдрүүдэд ажиллах бөгөөд албан тушаалтнаас 2021 оны ХАСХОМ-ийг мэдүүлэхтэй холбоотой заавар зөвлөмж өгч, мэдүүлгийг хүлээн авч бүртгэх ажлыг зохион байгуулна.