Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүлээлгэн өгөв

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар Сангийн яаманд очиж ажиллалаа. Өнгөрсөн 07 дугаар сарын 07-ны өдөр УИХ Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг хэлэлцэн баталсан. Тэд тус хуулийг Сангийн  сайд Б.Жавхлан болон удирдлагуудад хүлээлгэн өгч, хуулийн шинэчлэлийг танилцуулав.

Мөн тус яамны газрын дарга нар энэ оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, 2022-2023 оны эхний хагас жилийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт зэргийг танилцуулсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ,  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэх бодлогын хүрээнд батлагдсан хууль, тогтоомжуудын агуулга, үзэл санааг сурталчлан таниулах зорилгоор батлагдсан хуулийг хүлээлгэн өгөх жишиг тогтоож байна. Саяхан Боловсролын багц хуулийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болсон. Төсвийн тухай хуулийн шинэчлэл 08 дугаар сарын 24-ний өдрөөс хэрэгжиж байна. Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн ил тод байх, хариуцлагатай,  тогтвортой байх эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байна. 

Мөн төсвийн төлөвлөлтөд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад үндэслэл болгон ашигладаг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг зөвхөн Засгийн газар дангаар бус УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулдаг байхаар хуульд тусгасан. Төсвийн төлөвлөлтийг буруу тооцоолж, төсвийг баталж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй төлөвлөн зарцуулсан бол уг албан тушаалтанд хариуцлага тооцох нөхцөлийг хуульд тусгасанаар сахилга хариуцлагыг чангатгаж өгсөн юм. Төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор баталсан нэг чухал өөрчлөлт нь төсвийн тусгай шаардлагыг өөрчлөх, түдгэлзүүлэхтэй холбоотой аливаа шийдвэрийг гаргах бол Улсын Их Хурлын гишүүдийн хувьд өвчтэй, чөлөөтэй, гадаад, дотоод томилолттойгоос бусад тохиолдолд нийт гишүүдийн оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэдэг байхаар хуульд тусган баталсан. Ингэснээр төсвийн хариуцлагатай, тогтвортой, төсвийг үр ашигтай төлөвлөдөг байх нөхцөл бүрдэх юм. Мөн төсвийн цаглаварт өөрчлөлт орсон. Засгийн газраас төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө төсвийг олон нийтэд заавал хэлэлцүүлэхээр хуульчилсан. Улмаар хуулийн төслийг 9 сарын 1-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх заалттай болж байна. Энэ өөрчлөлт ирэх оноос хэрэгжиж эхлэх юм. Ингэсээр УИХ-ын  хяналт шалгалт, хууль батлах, төсвийн төслийг хянахад мэргэжил арга зүй, цаг хугацааны хувьд томоохон дэмжлэг болж байна гээд  2024 оны төсвийн төсөлд тусгах хөрөнгө оруулалтын зардалд баримтлах зарчмыг танилцуулав.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, төсвийн бодлого зөв байх нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, улмаар сайн засаглалыг бэхжүүлэхэд төсвийн шинэчлэлийн зорилго оршиж байна. Төсвийн шинэчлэлийн дараагийн алхам нь татварын бодлогын суурь шинэчлэл байх юм.

УИХ-ын Төсвийн байнгын хороо ирэх 9 дүгээр  сарын 15-ны дотор багтаж хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх Улсын Их Хурлын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулна. Мөн “2022 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжилтийг хангахад хяналт тавин, хамтран ажиллаж байна. Тухайлбал, төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээний мэдэгдэл хоорондоо зөрүүтэй байгааг засаж, залруулах, Төсвийн болон ерөнхий хяналтын сонсгол хийх цаг хугацааг батлагдсан хуулиудтай нийцүүлэн өөрчлөх саналыг Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ёстой.

Мөн Төрийн аудитын байгууллагаас сөрөг болон хязгаарлалттай дүгнэлт гарч, албан шаардлага хүргэгдсэн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцсон эсэх, албан шаардлагыг хэрхэн биелүүлсэн талаарх тайлагналт, төсвийн сахилга, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр хийж буй арга хэмжээний талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны чиглэлийн хэрэгжилтийг хангуулахаар  ажиллаж байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*