Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн дэмжлэгтэйгээр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” Үндэсний чуулганыг 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдөр зохион байгууллаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий салбар бүрийн төрийн болон төрийн бус байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргээс ирсэн 800 гаруй төлөөлөл оролцсон чуулганыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин нар нээж үг хэлэв.
Үндэсний чуулганы нэгдүгээр хэсэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон түүнийг дагаж гарсан журмын хэрэгжилтийн дүн шинжилгээ, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, түүнд хийсэн дүн шинжилгээ, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын үр нөлөө, анхаарах асуудал, хүчирхийллийн хохирогчдод үзүүлж буй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа, түүнд тулгамдаж буй асуудал зэрэг илтгэлийг сонсож, панел хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос ирүүлсэн асуултад хариулж, саналыг хэлэлцэв.
Үндэсний чуулганы хоёрдугаар хэсэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбараас Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид үзүүлж буй үйлчилгээ, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүчирхийллийн хохирогч хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулж буй өнөөгийн байдал, анхаарах асуудал зэрэг илтгэлийг сонсож, панел хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос ирүүлсэн асуултад хариулж, саналыг хэлэлцлээ.