Элчин сайд нарыг томилж, Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.01.12/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжүүлсэн.

Үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн тул Байнгын хорооны саналаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболдыг эгүүлэн татах саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.9 хувь нь дэмжлээ.

Мөн Байнгын хорооны саналаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболд, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмаа, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзий, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр нарыг томилох санал хураалтыг хүн тус бүрээр явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн юм.

“Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” тогтоолын төслийг батлав

Дараа нь Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Аюулгүй байдлын гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нар тус тус танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.5.5.-т “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг өргөжүүлэн, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бусад улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана”, 4.5.8.-т “Улс төр, эдийн засгийн харилцааны түвшин, ач холбогдол, тухайн улсад оршин суугаа монгол иргэд болон харилцан зорчиж байгаа иргэдийн тоо зэргийг харгалзан Дипломат төлөөлөгчийн газруудын байршил, бүтэц, орон тоог оновчтой болгоно” гэж заасны дагуу Төв Азийн бүс нутагтаа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөр тэргүүлдэг 35 сая хүн амтай, бүс нутагтаа томоохонд тооцогддог зах зээлтэй Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах Засгийн газрын саналыг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцөн дэмжсэн шийдвэр гарсан. Байнгын хорооны дээрх шийдвэрийг үндэслэн Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах саналаа дипломат шугамаар тавьж зөвшөөрсөн хариу авсан тул холбогдох хууль тогтоомжийн дагуу Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан талаар танилцуулгад дурдсан байлаа.

Элчин сайдын яамдыг гурван орон тоотой ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд холбогдох зардлыг 2024 оны төсвийн төсөлд тусгасан байна.

Мөн Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн байна.

Тогтоолын төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Д.Ганбат нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд гишүүд тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Узбекситан нь Төв Азийн улс дотроо нөлөө бүхий эрчимтэй хөгжиж байгаа улс. Монгол Улсаас европруу цаашлаад Төв Азийн орнууд болон түүгээр дамжин Ойрх Дорнод руу гарах хамгийн дөт гарц тул тун удахгүй бид тус улстай авто болон агаарын тээврийн хэлэлцээр байгуулна. Ингэснээр Ташкент руу шууд нислэг хийж, Хятадаар дамжаад Узбекистан улс руу автотээвэр хийдэг болно. Бид тус улс, Төв Хзи, Ойрх Дорнодын орнууд руу мах махан бүтээгдэхүүн хүргэх, тус улсаас жимс, жимсгэнийг хямдаар оруулж ирэх зэргээр хоёр орны худалдааг хөгжүүлэхэд Монгол Улс  Элчин сайдын яамаа нээн ажиллуулах нь тун чухал ахлам  болно гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улс нийт хэчнээн дипломат төлөөлөгчийн газар ажиллуулж байгаа болон салбарын яамнаас энэ талаар баримталж буй бодлогыг лавлахад, “Монгол Улс нийт 47 дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаагийн 32 нь Элчин сайдын яам, хоёр нь Байнгын төлөөлөгчийн газар, ес нь Ерөнхий консулын газар, гурав нь Консулын газар байна. Тэдгээрийн нийт төсөв нь  жилдээ 42.4 сая ам.доллар бөгөөд Узбекстан улсад нээх Элчин сайдын яамны хувьд жилийн 355809 ам.долларын төсөвтэй. Манай дипломат алба маш цөөхөн хүнээр үйл ажиллагаагаа явуулдаг. Цаашдаа гадаад харилцаагаа хөгжүүлье гэвэл дипломат төлөөлөгчдийн газрыг өргөжүүлэх, хүний нөөцөө бэхжүүлэх, дипломатуудынхаа тоог нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна” хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариулав.

Ингээд “Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 59.0 хувь нь  дэмжсэн.

“Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,  Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих замаар төвлөрлийг сааруулах” зорилтыг тусгасан.

Түүнчлэн, Улсын Их Хурлаас “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан боловч төрийн байгууллагууд нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн, хүн амын тоо жил бүр тогтмол өсөж байгаа зэргээс шалтгаалан уг үзэл баримтлалд дурдсан хот-хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах асуудал гажуудсан байна. 

Иймд  хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний  хэт төвлөрлийг сааруулах шийдэл нь  олон улсын жишгийн дагуу бүсчилсэн хөгжлийг дэмжин, хүн амын шилжилт хөдөлгөөнийг татах бодитой хүчин зүйлсийг бий болгож нийслэл хотыг чиглэсэн эрчимтэй хотжилтын үйл явцыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

Тогтоолын төслийг хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасгаж, хөгжлийн түвшинг ойртуулж, бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор боловсруулж, дараах асуудлыг тусгалаа.

Үүнд: -Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн төрийн байгууллагуудын эрхлэх асуудал, чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан бүсчлэн нийслэл Улаанбаатар хотоос үе шаттайгаар нүүлгэн байршуулах арга хэмжээ авах;

 

-Улаанбаатар хотоос орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгаа хангах асуудлыг судалж, зохих арга хэмжээ авах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, шийдвэрлүүлэх;

-Төрийн байгууллага, албан хаагчдыг орон нутагт бүсчилсэн байдлаар шилжүүлэн байршуулахад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг тооцон тухайн жилийн улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэж байх талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах асуудал болон тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тухай зохицуулалтыг тусгасан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.

Уг тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан нэн яаралтай хэлэлцүүлэх дэгийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлаас “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан боловч төрийн байгууллагууд нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн, хүн амын тоо жил бүр тогтмол өсөж байгаа зэргээс шалтгаалан уг үзэл баримтлалд дурдсан хот-хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах асуудал шийдэгдэхгүй байгаа тул Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд заасанчлан Засгийн газар Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах гэсэн бүрэн эрхийн хүрээнд төрийн байгууллагуудыг бүсчлэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгөх зорилгоор Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг дурдаад Улсын Их Хурлын тогтоолын төслийг d.parliament.mn цахим хаягт байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа гэж байлаа.

Мөн тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58.3 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ц.Туваан, Ж.Батжаргал, Ц.Идэрбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Энэхүү тогтоолоор өмнөх батлагдсан  үзэл баримтлал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд бодит үнэлэлт, дүгнэлт өгөөд, энэ цаг үед тавигдаж буй шаардлагад нийцүүлэн суурь судалгаануудаа нарийчвлан хийж, үзэл баримтлал, бодлого, эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгох талаар төсөлдөө тусгах, мөн тогтоолоор төрийн байгууллагуудын байршлыг тодорхой болгох шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат “Тогтоолын төслийн дагуу холбогдох судалгааг хийж, төрийн байгууллагуудыг орон нутагруу шилжүүлж, тэнд ажиллах төрийн албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх юм байна. Энэ хэрээр тухайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн эрчимжилт сэргэх олон эерэг тал гарна” гэж байлаа.  

Ингээд “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.3 хувь нь дэмжсэн. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

“Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” тогтоолын төслийг батлав

Хуралдаан “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлийн бүс нутаг, хот, хөдөөгийн хөгжлийн нэгдмэл болон бүсүүдийн харьцангуй бие даасан, харилцан уялдаатай тогтолцоог бүрдүүлж, бүс, нутаг, хот, хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын нутагшилт, суурьшлын олон төвтэй тогтолцоог бий болгох, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдийн орон нутагт шилжин суурьших таатай нөхцөлийг хангах зорилгоор Улсын Их Хурлаас баталсан бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах, иргэдээс санал авах, байр суурийг нь сонсох ажлыг зохион байгуулахтай холбогдуулан “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг тодотгож байлаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үндэслэл, үзэл санаа, төрийн зохицуулалтын хүрээнд хэрэгжүүлэх зорилтуудыг тодорхойлон, хэрэгжүүлэх үе шатыг тусган баталсан. Мөн Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод бүс, орон нутаг, нийслэл Улаанбаатар болон дагуул хотыг хөгжүүлэх, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан Шинэ сэргэлтийн бодлогод боомтын болон хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтуудыг тусган хэрэгжүүлж байна. Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогод тусган хэрэгжүүлж байгаа бүсчилсэн хөгжлийн зорилтууд, түүний хэрэгжилтийг иргэдэд тайлбарлан таниулж, иргэдийн санал, байр суурийг сонсож, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг боловсронгуй болгох шаардлагатай байна гэв.

Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд бүсчилсэн хөгжлийн талаарх бодлого, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд тайлбарлан таниулах, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулахтай холбогдуулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахыг Улсын Их Хурлын гишүүдэд даалгах, түүнчлэн бүсчилсэн хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох, Монгол Улсын эдийн засгийн бүсчлэлийг тогтоох асуудлаар эдийн засгийн форумыг бүсчлэн зохион байгуулах, холбогдох бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх шаардлагатай мэдээллээр хангах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгах зохицуулалтыг тусгасан болно. Мөн “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн болно гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, 01 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө тайланд тусгуулах саналыг УИХ дахь АН-ын бүлэг, гишүүдээс авах шаардлагатайг мэдэгдээд дээрх хоёр тогтоолын төсөл нь жалга довны асуудлаас нэг алхам холдсон Монгол Улсын эрх ашигт нийцэж буй тул УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгаагаа илэрхийлж  байна гэж байлаа.

Ингээд “Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоол батлагдлаа.

Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын зургаан гишүүнээс 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Тус Байнгын хорооны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ц.Идэрбат, Ц.Цэрэнпунцаг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажилласныг дурдахын зэрэгцээ хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эрхлэх асуудлын дагуу Төсвийн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлтээ Байнгын хороонд танилцуулсан гэдгийг тодотгож байлаа.

Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу явуулсныг онцлоод Ажлын хэсэг Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөлд “органик болохыг илэрхийлсэн тэмдэг”, “урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “шошго” зэрэг нэр томьёоны тодорхойлолтыг нэмж тусган, органик үйлдвэрлэлд баримтлах зарчим, органик үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүрэг, баталгаажуулалтын байгууллагын үүрэг, органик бүтээгдэхүүнийг бүртгэх, органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах шаардлага, төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой болгох зэрэг зарчмын болон найруулгын нийт 28 саналыг бэлтгэн хэлэлцүүлсэн гэв.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авсны дараа Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураав. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлд “органик болохыг илэрхийлсэн тэмдэг”, “урьдчилан сэргийлэх арга хэмжээ”, “шошго”-ыг тодорхойлсон хуулийн нэр томьёог тусгасан 4.1.7, 4.1.8, 4.1.9 дэх заалт нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.

 

Түүчлэн төсөлд “Органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах шаардлага” гэсэн 6 дугаар зүйл, “Төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг” гэсэн 15 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Мөн төслийн 7 дугаар зүйл буюу “Органик үйлдвэрлэл эрхлэгчийн үүрэг” гэсэн хэсэгт “шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүнийг энэ хуулийн 12.2-т заасан журмын дагуу мэдээллийн цахим санд бүртгүүлэх, мэдээллийн үнэн зөвийг хариуцах”, “урьдчилан сэргийлэх арга хэмжээг багтаасан шилжилтийн болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөний төслийг боловсруулж, баталгаажуулалтын байгууллагаар батлуулан хэрэгжүүлэх, энэ хуулийн 6.6-д заасан мэдээллийн санд тайлан, мэдээг хүргүүлэх”, “шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах”, “ойн дагалт баялаг, байгалийн ургамлыг түүх ажлыг бусдаар гүйцэтгүүлэх бол холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдээлэл, зааварчилгаа өгч, тэмдэглэл хөтлөх” гэсэн 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.10 дахь заалт, “Сум, дүүргийн байгаль орчны асуудал хариуцсан албан тушаалтан энэ хуулийн заасан талбайг тогтоож, тодорхойлолт олгоно”, “Органик үйлдвэрлэлд хэрэглэх бодист тавих шаардлага, тэдгээрийг үнэлэх аргачлал болон жагсаалтыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсэн 7.2, 7.3 дахь хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 56.4 хувь нь дэмжсэн.

Цаашлаад төслийн 8 дугаар зүйлд “органик бүтээгдэхүүнтэй харьцах бүх төрлийн гадаргуу, сав, баглаа, боодолд нано бүтэцтэй материал ашиглах” гэсэн агуулгатай 8.1.8 дахь заалт, 9 дүгээр зүйлд “Баталгаажуулалтын байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгосон давхцалгүй бүртгэлийн дугаартай байна.” гэсэн агуулгатай 9.5 дахь хэсэг, 10 дугаар зүйлд “энэ хуулийн 15.3-т заасан журмын дагуу органик үйлдвэрлэлийн байршил, төрөл, мэдээллийн сангийн бүртгэл, мэдээлэл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт зэргийг харгалзан шаардлагатай тохиолдолд шилжилтийн үеийн хугацааг тогтоох”, “энэ хуулийн 12.2-т заасан журмын дагуу органик үйлдвэрлэл эрхлэх, баталгаажуулах тухай гэрээний хэрэгжилт, тохирлын үнэлгээний тайлан, баталгаажуулалтын гэрчилгээ, шилжилтийн болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө, шаардлагатай бусад мэдээлэл, баримт бичгийг мэдээллийн санд оруулах” гэсэн агуулгатай 10.1.4, 10.1.5 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Түүнчлэн төслийн 13 дугаар зүйлд “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 13.6-д заасан үг болон эдгээртэй агуулгын хувьд дүйцэх үгийг хуулийн этгээдийн нэрээр баталгаажуулахгүй.” гэсэн агуулгатай 13.7 дахь хэсэг, 14 дүгээр зүйлд “Бөөнөөр нийлүүлсэн органик бүтээгдэхүүний шошгоны мэдээлэлтэй жижиглэн савласан органик бүтээгдэхүүний шошгоны мэдээлэл нь ижил байх ба савласан огноог шошгонд ил харагдахуйц тусгана.” гэсэн агуулгатай 14.3 дахь хэсэг нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос дэмжээгүй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжсэнгүй.

Ингээд Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*