Сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6.4 тэрбум, тойрогт нэр дэвшигчийнх 1.5 тэрбум байхаар тогтоожээ

Үндэсний аудитын газраас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн аудитын дээд байгууллага нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн 3 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө энэ хуулийн 50.2-т заасан аргачлалын дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг батлагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн хугацаанд тогтоож, нийтэд мэдээллээ.

Үндэсний аудитын газар нь Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд нам, эвсэл болон сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох” аргачлалын дагуу нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоолоо.

Зардлын дээд хэмжээ тогтоохдоо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан

  • 1. Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
  • 2. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
  • 3. Хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;
  • 4. Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
  • 5. Ухуулах байр ажиллуулах;
  • 6. Радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
  • 7. Цахим орчин ашиглах

зэрэг сонгуулийн сурталчилгааг явуулах арга хэлбэр, мөн хуулийн 13, 36, 37, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 49, 52-т заасныг тус тус харгалзан тооцоолол хийжээ.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам руу 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 08/232 дугаартай албан бичгээр зардлын дээд хэмжээний саналыг авахаар хүргүүлсэн байна. 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нэр бүхий 13 нам саналаа ирүүлснийг сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтооход харгалзан үзсэн байна.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6,434.5 сая төгрөг, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 894.7-1,526.1 сая төгрөгийн хооронд тогтоосон.

Нийтэлсэн: Unen.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*