Б.Баатар: Би Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийг хүндэтгэн ажиллаж ирсэн


Найруулагч “Херо”-ийн Баатар мэдэгдэл гаргажээ. Түүнийг “Үндэсний эв нэгдэл”ийг бусниулсан гэх зүйл заалтаар яллагдагчаар татаад буй. Үүнтэй холбогдуулан тэрбээр дараах мэдэгдлийг хийсэн байна. 

-Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зураг авалтаар эх орны алс баруун хязгаарт ажиллах үед намайг гүтгэлэг, улстөрийн зорилгоор “Үндэсний эв нэгдэл аюулгүй байдлыг бусниулсан” гэх огт үндэслэлгүй буруутгалд холбон, 20 жил хүртэл хорих ялтай хэрэгт, явцуу ашиг сонирхолтой тодорхой бүлэглэл, эрх мэдэлтний захиалгаар яллагдагчаар татсан асуудлын тухайд сонирхон хариулт хүлээж буй олон нийтэд хандаж дараах мэдэгдлийг хийж байна.

Өмнө нь намайг 

- шүүгчдийн томилгоонд нөлөөлсөн, 

- Оюу Толгойгоос 20 сая ам.доллар авсан, 

- Гэрэгэ тауэрийн 15 давхарын оффисыг дээрэмдсэн гэх зэргээр удаа дараалан, гүтгэлгүүдийг зохион байгуулалттай тарааж, нэр төрийг минь гутааж, эрх чөлөөг минь хязгаарлахыг оролдоцгоосоор байна.

Гэвч эдгээр нь хууль зүйн үндэслэлгүй, эрх үүрэг бүхий байгууллагуудын шалгалтаар тус бүр 2-3 удаа эцэслэн шалгагдаж, хэрэг үүсгэх боломжгүй болсон тул эцэст нь шинэ хэрэг зохиож, улс төрийн зорилгоор ашиглах оролдлого хийгдэж байна гэдгийг эрх чөлөөт иргэдийн анхааралд хүргэхээс өөр аргагүйд хүрч байна.

Ардчилсан нийгэмд иргэдээс улс төрчдийг шүүмжлэх нь хэвийн төдийгүй зайлшгүй зүйл юм. Энэ нь хүний эрх чөлөөний салшгүй суурь хэсэг бөгөөд төр, эрх мэдэлтнүүдийг хянан шүүмжлэх ард түмний хууль ёсны эрх юм.

Гэтэл ард түмний үзэл бодлыг “зохион байгуулалттай өдөөн хатгалга” гэж тайлбарлаж, түүний цаана намайг байгаа мэтээр харуулах зорилтот оролдлогуудыг удаа дараалан хийж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн ардчилсан зарчмыг үл хүндэтгэсэн, туйлын гутамшигтай үйлдэл юм.

Монгол Улс бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажуулсан ардчилсан улс.

Дахин онцлон хэлье.

Авлига, хулгайгаа нууж, хуучин ялзарсан тогтолцоогоо сэргээхээр хүчээ нэгтгэсэн эв нэгдэл бол Монгол үндэстний эв нэгдэл биш. Авлига, хулгайг шүүмжилсэн ард түмний дуу хоолой бол үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэг бүр ч биш.

Арван нэгэн жилийн өмнөх 2015 онд Тавантолгойн ордыг 100 жилийн хугацаатайгаар дотоодын авилгачдын систем, гаднын компанид эзэмшүүлэх оролдлогыг илчилсэн нэвтрүүлэг хийснийхээ дараа би тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн шахалт, сүрдүүлэг дарамтад өртсөн.

Тэр үед ч намайг мөн л “үндэсний эв нэгдлийг бусниулсан” хэмээн буруутгахыг оролдож байсан бол өнөөдөр мөн адил нэг арга, хэлбэрээр давтагдсаар байна. Монгол улсын нийт иргэдийн хүртэх ёстой жам ёсны баялгийг шимэгчлэгч бүлэглэлийн угсарсан ”Шударга бусын хуулийн хонгил” нураагүй, үргэлжилсээр байгаа нотолгоо энэ мөн.

Би Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжийг хүндэтгэн ажиллаж ирсэн бөгөөд аливаа гүтгэлэг, улс төрийн зорилготой зохиомол буруутгалын өмнө үнэн, шударга ёсны төлөө тууштай зогсох болно. Монголын ард түмний үнэн мөнийг ялгах саруул ухаанд итгэгчдийн эгнээ тасрахгүйд би итгэж байна.

Нийт улс, үндэстнээрээ чинээлэг баян амьдрахыг хүсдэг, Монгол хүн" гэсэн байна. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*