П.Наранбаяр: Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл хангахтай холбоотой үйл явц, нөхцөл байдлын талаар хэлэлцэж, Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өгөв.

2024-2025 хичээлийн жилд нийслэлд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142,150 хүүхэд байгаа бөгөөд 1-р шатны бүртгэлийг 2024 оны 8-р сарын 1-нээс эхлүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршлын мэдээллийн санд тулгуурлан “И-Монголиа” системээр бүртгэж, аймаг, нийслэлийн Боловсролын газрын тогтоосон хамран сургах тойргийн дагуу боловсролын салбарын мэдээллийн системээр хуваарилалт хийлээ.

Эхний шатны бүртгэлд 103,999 хүсэлт цахимаар ирсэн бөгөөд 2024 оны 8-р сарын 20, 21-ний өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын утасны дугаарт мессежээр хариу хүргүүлэв. Харин 2-р шатны цахим бүртгэлийг 2024 оны 9-р сарын 5-наас 15-ны өдөр хүртэл зохион байгуулна.

Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах хүрээнд ачаалал өндөртэй дүүрэг, хороодын мэдээллийг гаргаж, энэ хичээлийн жилд нийт 11,768 хүүхдийн хүчин чадалтай 368 бүлэг бүхий 94 байрыг сургалтын зориулалтаар түрээслэхээр шийдвэрлээд байна. Мөн хамран сургах тойрог тогтоолгосон хувийн 274 цэцэрлэгт 15,000 хүртэлх хүүхдийг хамруулахаар төлөвлөлөө.

Ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангийн элсэлтийг цэцэрлэгийн адил “И-Монголиа” системээр бүртгэж байна. Бүртгэл 2024 оны 8-р сарын 12-ноос 25-ны хооронд үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*