Б.Бямбадорж: Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг нэг жил үргэлжилнэ

Тавдугаар сарын 1-нээс орон даяар бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулж эхэлнэ. Тус эрт илрүүлэг үзлэгийг бүтэн жилийн турш зохион байгуулах юм. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.

-Урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог орон даяар зохион байгуулна. НЭМГ ямар үүрэг, оролцоотой ажиллаж байна вэ?

-Эрт илрүүлгийн үзлэг олон талын ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газраас  бүх иргэнээ эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Нас насны онцлогт хамааруулаад өөр шинжилгээ хийнэ. Тухайлбал, 0-17 насны хүүхдэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ хийх бол 18-30, 31-ээс дээш насны иргэдээс нийт 19 төрлийн шинжилгээ авах юм. Үүнд есөн төрлийн хавдрыг илрүүлэх шинжилгээ багтсан. Мөн Монгол Улсын Засгийн газраас цахим хөтөлбөрийг өргөн хүрээнд нэвтрүүлж байгаа. Шинжилгээгээр илэрсэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний мэдээллийг хадгалж, өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэний шинжилгээнд гарсан өөрчлөлтийн эрсдэлийг үнэлэх юм. Цаашид иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчний хүндрэлээс сэргийлэх, архаг өвчнөөр оношлогдсон бол хяналт хийх боломжуудыг нээсэн. Эрт илрүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн 49 эрүүл мэндийн байгууллага хамтран оролцоно. Тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагууд дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтрах, эсвэл бие даах гэсэн хоёр хэлбэрээр оролцож байна. Иргэд аль эмнэлэгт хэзээ шинжилгээнд хамрагдах вэ гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хүлээн авах боломжтой.

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 1-ний хооронд нэг жил үргэлжилнэ. Жилийн хугацаанд аль хорооны иргэдийг хэзээ шинжилгээнд хамруулах тухай нэгдсэн төлөвлөлт, хуваарь гарсан. Хуваарийг өрхийн эрүүл мэндийн төв, хорооны хэсгийн ахлагч нар зохион байгуулж, товлолын дагуу урилга хүргэж байгаа. Иймд товлолт өдөр буюу урилга очсон өдөр хуваарьт эрүүл мэндийн байгууллагад очиж, шинжилгээнд хамрагдах ёстой. Эрүүл мэндийн ердийн, үндсэн тусламжийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ. Эрүүл мэндийн асуудал үүссэн, өвчнөө оношлуулах шаардлага гарсан нөхцөлд урьдын журмаар аль ч эрүүл мэндийн байгууллагад хандах боломжтой. Эрт илрүүлэгтэй үндсэн тусламжийг хольж болохгүй. Мөн үйлчлүүлэгчдэд чирэгдэл учруулахгүйн тулд иргэн хоёр өдөрт бүх шинжилгээнд хамрагдах зарчимтай ажиллана. Тухайн хоёр өдөр нь зайтай байж болно. Харин эрүүл мэндийн байгууллагад хоёр удаа очих, 20 хоногийн дотор эрт илрүүлгийн шинжилгээг дуусгасан байх ёстой. Түүнчлэн нэг эрүүл мэндийн байгууллагад иж бүрэн шинжлүүлэх хэрэгтэй. Зарим шинжилгээг хоёр эмнэлэгт хийж байгаа нөхцөлд хоёр байгууллагад хуваарийн дагуу хандаж болно. Дугаараар, тухайн хуваарьт өдрөө шинжилгээнд хамрагдах нь нэн чухал. НЭМГ-аас шинжилгээнд хамрагдах иргэдэд зөвлөмж бэлдсэн. Түүнчлэн шинжилгээнд тодорхой бэлтгэлийг хангасны дагуу эрт илрүүлгийн багц шинжилгээнд хамрагдвал хариу 100 хувь гарна. Эргэлзээтэй, олон дахин шинжилгээ өгч, чирэгдэл гарахгүй. Мөн эрүүл мэндийн байгууллагуудад олон хүн шинжилгээнд хамруулж байгаа нөхцөлд гарах эрсдэл, алдаа, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, халдвар хамгаалал, зохион байгуулалтын урсгал зэргийг тооцож, дөрвөн бүлэг, 33 чиглэлийн зөвлөмжийг хүргэсэн. Бэлтгэл ажлын хүрээнд сургалт, уулзалт, зөвлөгөөнүүдийг хийж байна. Бүх уулзалт, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр явуулж байгаа.

-Нэг эрүүл мэндийн байгууллага өдөрт дунджаар хэдэн иргэнд үйлчлэх боломжтой вэ?

-Эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал харилцан адилгүй. Мөн тоног төхөөрөмжийн шинжилгээнд өдөрт ордог тоо хязгаартай. Иймд эдгээртэй уялдуулж төлөвлөлтүүдийг хийсэн. Өдөрт дунджаар 40-60 хүнийг шинжилгээнд хамруулахаар зохион байгуулсан. Түүнчлэн энэ удаагийн шинжилгээг албан байгууллагаар очиж авахгүй. Зөвхөн харьяа хорооны хуваарийн дагуу, товлогдсон өдрөө очиж шинжилгээнд хамрагдах хэрэгтэй юм.

-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хүний нөөц хэр хүртээмжтэй байна вэ?

-Энэ тал дээр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан, хамтран ажиллаж байна. Гэхдээ эрт илрүүлэг, шинжилгээ бүтэн жил үргэлжлэх учир эрүүл мэндийн ажилтан ээлжийн амралт авах, түр чөлөөлөгдөх зэрэг асуудал гарна. Ийм эрсдэлд анализ хийж, сургалт зохион байгуулах, хүний нөөцийг төлөвлөх, ээлжийн амралтыг зохицуулах ажлуудыг хийж байна. Түүнчлэн НЭМГ-аас рентген 18 аппарат, ЭХО-ны 18 аппарат, улаан хоолой, ходоодны дурангийн 10  аппаратыг харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилж тараасан. Хоёр дурангийн аппаратыг нөөцөнд авч, тухайн аппарат доголдлоо гэхэд нөөц аппаратыг түр ашиглах зэргээр тасралтгүй үйл ажиллагааг хангахад анхаарч байна.

-Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг өмнө нь ингэж орон даяар зохион байгуулж байсан уу. Энэ удаагийн үзлэг, шинжилгээ ямар онцлог, давуу талтай вэ?

-Үзлэг, шинжилгээг өмнө нь зохион байгуулж байсан. Энэ оноос өрхийн эрүүл мэндийн төвд нэг иргэний санхүүжилт хоёр дахин нэмэгдсэн. Мөн нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн, эрүүл дадлыг бий болгох, өвчнөөс сэргийлэх тал дээр илүү анхаарч ажиллах бололцоо нээгдсэн. Энэ дагуу НЭМГ-ын зүгээс хийхээр төлөвлөсөн олон ажил байна. Зургадугаар сард өрхийн эрүүл мэндийн төвүүд стратеги төлөвлөгөө боловсруулна. Төлөвлөгөөнд хорооны эрүүл мэндийн төвийн 8-10 мянган иргэний дунд ямар өвчлөл илүү байна, ямар эрүүл мэндийн сургалт, мэдлэг олгох вэ зэрэг чиглэл гарах учир энэ дагуу ажиллах бололцоо нээгдэж байгаа. Ингэснээр иргэдийн цаашид эрүүл амьдрах, амьдралын чанар сайжрах, оновчтой хяналтыг хийх бололцоо нээгдэж байна.

-Эрүүл мэндийн даатгал төлдөггүй иргэд эрт илрүүлэгт хамрагдах боломжтой юу. Нийслэлийн хэмжээнд хэдэн иргэн үзлэгт хамрагдах тооцоо гарсан бэ?

-Нийслэлийн хэмжээнд 1.532.880 иргэний бүртгэлд бид хуваарилалт хийсэн.  Мөн тухайн хороонд түр оршин сууж байгаа иргэд хамрагдаж болно. Судалгаанаас үзэхэд, нийт хүн амын 98 хувь нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэдэд сануулга, зөвлөмж гаргасан. Завсардсан төлбөрөө нөхөн төлж, бүрэн төлсөн нөхцөлд эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах боломжтой.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseneg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашигийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

*