Жилд 45 сая орчим хүн зочилдог, дэлхийн аялал жуулчлалын чухал төвүүдийн нэг Сингапур улсын "Марина Бэй Сэндс" цогцолборт анх удаа “Монгол хаан” жүжгийг тоглож, өчигдөр хаалтын тоглолтоо англи хэл дээр хийлээ.
Тус жүжигт Азийн соёлын тэргүүлэх компаниудын нэг "Base Entertainment Asia" хөрөнгө оруулалт хийж, хамтран продюсерлэжээ.
"Монгол хаан" жүжгийн Сингапур дахь тоглолт нь Монголын урлагийн зах зээлд анх удаа олон улсаас хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн өрсөлдөх зарчмаар олон улсад тоглолт хийсэн анхны тохиолдол болмлн байна.
Тус жүжгийг Сингапурт нийт 22 удаа тоглосон бөгөөд 10 удаа англи хэлээр, 12 удаа монгол хэлээр тоглож, 30 гаруй мянган үзэгчдэд толилуулжээ.
“Монгол хаан” жүжгийн гол дүрийг бүтээсэн МУГЖ Г.Эрдэнэбилэг, МУГЖ С.Болд-Эрдэнэ, МУГЖ С.Доржсүрэн, МУГЖ У.Уранчимэг, О.Дөлгөөн, О.Самданпүрэв нар англи хэлээр ээлжлэн тоглож, олон улсын үзэгчид талархалтайгаар хүлээж авсан нь Монгол жүжигчдийн ур чадвар олон улсын түвшинд хүрснийг харуулж чадлаа.
Түүнчлэн жүжгийн англи хувилбарын гол дүрүүдийг Нетфликсийн цувралуудаараа алдаршсан Холливүүдийн жүжигчин Рон Юан, Марк Дакаскос, Леонард Ву, мисс А.Баярцэцэг, Америкт жүжигчнээр ажилладаг жүжигчин Занабазар нар бүтээсэн нь Монгол жүжигт Холливудын жүжигчид Монгол хүмүүс болон хамтран тоглосон анхны тохиолдол болсноороо онцлогтой юм.
“Монгол хаан” жүжгийн тоглолт нь дэлхийд Монгол Улсын соёлын томоохон сурталчилгаа болохын зэрэгцээ Монголын театрын урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирж буйг зарласан явдал болж байна.
“Монгол хаан” жүжгийн Сингапур дахь тоглолтыг АНУ, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Турк, Арабын булангийн орнууд, Их Британи, Австрали зэрэг улсын продюсинг 10 орчим компанийн төлөөлөл үзэж, 2025-2026 оны аялан тоглолтуудын Санамж бичгүүдийг үзэглэжээ.