Монгол улсын Соёлын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Морьт харваачдын холбоотой хамтран есдүгээр сарын 1-10-нд “Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй наадам болон Олон улсын Морьт харвааны холбооны /IHAA/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулж байна. Тодруулбал, есдүгээр сарын 1-3-нд “Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй наадам болох бол есдүгээр сарын 6-8-нд ДАШТ-ийг зохион байгуулах юм.
Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдад Улаанбаатар хотыг сурталчлах зорилготой “Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг 2019 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд Монгол Улс анх удаа морьт харвааны ДАШТ-ийг зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Мөн Монгол “Бөмбөг намнаа” төрөл нь энэ удаагийн ДАШТ-д албан ёсны төрөл болон шинээр нэмэгдэж байгаа юм.
Тус ДАШТ-д БНХАУ, БНСУ, АНУ, Франц, Австрали, Канад, Герман, Унгар зэрэг дэлхийн 24 орны 80 гаруй тамирчин Скермиш буюу Түрэг харваа, Тавер буюу Унгар харваа, Польш харваа, Рэйд буюу Ази харваа, Монгол бөмбөг намнаа зэрэг таван төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөнө.
Энэ хүрээнд:
- Есдүгээр сарын 1-3-нд “Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт
- Есдүгээр сарын 6-8-нд “Хийморь” морьт харвааны ДАШТ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт
- Есдүгээр сарын 9-нд Морьт харвааны үзүүлэх тоглолт Сүхбаатарын талбайд
- Есдүгээр сарын 10-нд ДАШТ-ээс шалгарсан тамирчид Монголын үндэсний уламжлалт харваа болох “Бөмбөг намнаа” төрөлд өрсөлдөж, шилдгээ шалгаруулна.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР