Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шнжилгээ” авах байранд ажиллалаа. Улаанбаатар хотод энэ сарын 11-нээс Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож эхний ээлжинд дүүргүүдийн эрсдэл ихтэй бүсүүдийн айл өрхүүдээс шинжилгээ авсан. Харин энэ сарын 14, 15, 16-нд Сонгинохайрхан дүүргийн үлдсэн айл өрхүүдээс шинжилгээ авч дууссан бөгөөд өнөөдрөөс хуваарийн дагуу Баянгол дүүргийн бүх өрхүүд шинжилгээнд хамрагдаж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүргээс эхлээд бүх дүүргийн айл өрхөөс шинжилгээ авч шар бүс, цаашлаад ногоон бүс болгох зорилттой ажиллаж байна” гэдгээ хэлсэн.
Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Айл өрхүүддээ 2-3 удаа шинжилгээ авч байгаа тухай мэдээлэл өгч байна. Тухайн айл нь хаяган дээрээ байхгүй байх тохиолдол бий. Тиймээс мэдээлэл авч чадалгүй, шинжилгээнээс хоцорсон айл өрхүүдээ энэ сарын 23-наас өмнө бүгдийг нь хамруулах төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн хувьд иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж байна” гэлээ.
Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх” хөтөлбөрөө Засгийн газар баталсан. Энэ дагуу эдийн засгаа сэргээх арга хэмжээгээ яаралтай авахгүй бол Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид хүнд нөхцөлд байна. Бүх өрхөө шинжилгээнд хамруулах энэ ажил эдийн засгаа сэргээх хөтөлбөрийн хамгийн чухал ажил байгаа юм. Тиймээс дүүргийн Засаг дарга нар энэ ажилд онцгой анхаарал хандуулж, дүүргийн үлдсэн айл өрхүүдээ хөл хорио дуусахаас өмнө бүгдийг нь шинжилгээнд хамруулаарай” гэлээ.
Мөн “Энэ сарын 23-наас иргэдийг вакцинжуулах ажил эхэлнэ. Төлөвлөгөөний дагуу явбал улс орон ч түргэн хугацаанд хэвийн хэмнэлдээ орно. Эдийн засаг хүндэрсэн байгаа энэ үед Хотын дарга болон дүүргийн Засаг дарга нар иргэд аж, ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжих нь чухал байна” гэдгийг тэрбээр онцоллоо. Түүнчлэн дүүргийн Засаг дарга болон холбогдох албаныхан, үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагч нарт хандаж иргэдтэйгээ харилцах харилцаандаа онцгой анхаарахыг сануулсан юм. Мөн эмч, ажилчдын ажил, амралтыг зохицуулж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан ажиллахыг зөвлөлөө.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС