Нийгэм 2019.04.15-13:41:57

Ж.Цолмон: АШУҮИС-ийн эмнэлэг Монголын багш нарын эрүүл мэндэд хувь нэмэр оруулна

АШУҮИС бол Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүнд ачааг нуруундаа үүрч явах, ирээдүйн хөгжлийг тодорхойлох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг том сургууль. Тиймээс энэ сургуулийг сонгон суралцахаар төлөвлөж буй, мөн төгсөөд цаашид дахин суралцахыг хүссэн нийт элсэгчиддээ зориулан АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонтой ярилцлаа.

-Дээд боловсролын шинэчлэлийн төсөл танай сургууль дээр хэрэгжиж байгаа. Төслийн хэрэгжилтийн үр дүнгээс танилцуулаач?

-Дээд боловсролын шинэчлэлийн төсөл хоёр үе шаттайгаар хэрэгжээд манай сургууль дээр дээд боловсролын шинэчлэлийн төслийн хэрэгжилтийг хянах хяналт шинжилгээ үнэлгээний баг хүрч ирээд 100 хувийн биелэлттэй байна гэсэн дүгнэлт өгсөн.  Дээд боловсролын эрх зүйн орчны шинэчлэл, их дээд сургуулиудын багш нарыг гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, цахим сургалт, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах боломж бүрдүүлэх гээд найман үйл ажиллагааны чиглэлийг үйл ажиллагааныхаа хөтөлбөрт оруулан хэрэгжүүлсэн. Жишээ нь манай сургуулийн хүний их эмч бэлтгэх бакалаврын хөтөлбөр Европын Холбооны ASIIN олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдэж “Хүний их эмч”-ээр төгсөж байгаа оюутнууд бакалаврын сургалтаар 4.0 кредитийн судалгааны арга зүй, биостатистикийн хичээлийг судлан бие даасан судалгаа хийж, судалгаа хийх арга зүйд суралцаж ур чадвар эзэмшиж сургуулиа магистрын зэрэгтэй төгсөх боломж бүрдээд байна. Бид энэ асуудлыг БСШУСЯ-нд тавьсан. Бид багш нарынхаа мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн чиглэлээр хөгжүүлэх асуудал дээр онцгойлон анхаарч, өөрсдийн багш нарыг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургаж, зэрэг хамгаалуулах, эрдэм шинжилгээний хурал чуулганд илтгэл хэлэлцүүлэх зэргээр хөгжүүлж гадаадад урт, богино хугацааны сургалтад хамрагдсан багш нар нийт багш нарын бараг 90 орчим хувийг эзлэж байна. Зөвхөн сүүлийн хоёр жилд гэхэд бид их сургуулийн эмнэлэг байгуулахтай хобоотойгоор дотооддоо 12, Японд найман сургалтыг явуулж нийт 1500 гаруй эмч багш нараа хамруулсан байна. Манай залуу багш нар эрдмийн зэрэг цолыг гадаадад амжилттай хамгаалан эх орондоо эргэн ирж, анагаах ухааны боловсролын хөгжилд олон улсын стандартыг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Энэ жил гэхэд гадаадын их, дээд сургуулиудад манай долоон багш ажиллаж байгаа бөгөөд бид нэмж гурван жилийн хугацаатайгаар дөрвөн багш нараа, нэг хүртэлх жилийн хугацаатайгаар таван багш нараа явуулахаар материалыг нь явуулаад зарим нь сонгон шалгаруулалтад орчихоод хариугаа хүлээж байна. Нөгөө талаар өндөр хөгжилтэй орны их дээд сургуулиудаас олон улсад нэр хүндтэй профессорууд хүрэлцэн ирж өөрсдийн мэдлэг, туршлагаасаа харамгүй хуваалцаж байна. Бид багш нарынхаа чадавхийг бэхжүүлэхийн тулд төсөл хөтөлбөрүүдийг гадаадын их сургууль, төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Жишээ нь Сөүлийн үндэсний их сургууль, Харвардын сургууль, Калгарийн их сургуулиудтай хамтран хэрэгжүүлж зайн сургалт, түүнийг хэрхэн явуулах арга зүйд суралцах, 50 багш нар Харвардын хөтөлбөрт хамрагдаж энэ жил үргэлжлүүлэн Т2С хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Ц.Цогзолмаа сайд Харвардын их сургуультай гэрээ байгуулсан. Калгарийн их сургуультай хамтран мастер багшийг бэлтгэн тэднээр дамжуулан эмнэлзүйн сургалтыг боловсронгуй болгох боломж бүрдсэн гээд олон жишээ дурьдаж болохоор байна.

-Энэ жил улсын хэмжээнд ЭЕШ өгөх нийт элсэгчдийн тоо даруй 20 мянгаар буурсан тооцоотой явж байгаа. Зарим их, дээр сургуулиуд элсэгчдээ 4-5 дугаар сараас цахимаар бүртгээд эхэлдэг. АШУҮИС-ийн элсэлтийн журамд өөрчлөлт орох болов уу?

-Энэ жил 16000 орчим төгсөгчид ЕБС-ийг төгсөнө. Энэ нь урьд жилийнхээс 2,6 дахин бага байгаа юм. Сургууль болгон хэрхэн элсэлтийнхээ тоог бууруулахгүй байх талаар арга хэмжээ авч байна. Манай сургуулийн хувьд ч гэсэн урд жилийн тооноосоо бууруулахгүй байхаар элсэлтийн тоогоо хийж байна. АШУҮИС-ийн хувьд өнгөрсөн жилийн тоогоороо Удирдах зөвлөлдөө оруулж батлуулна гэж бодож байгаа. Босго оноог БСШУС-ын сайд баталдаг. Монголын их дээд сургуулийн консерциум гуравдугаар сарын 28-нд хуралдаж энэ талаар ярилцаж хамтын шийдвэр гаргасан. Төр, хувийн их сургууль гэж ялгахгүйгээр нэг босго оноотой байх, босго оноог 410-аар батлуулах санал гаргах, аль нэг хичээлээр босго тавих, аль болохоор цөөхөн бүлэгтэй байх гээд. Салбар комиссыг 22-45 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тохиролцож сургууль болгоноос нэг хүнтэйгээр хөдөө орон нутагт ажиллах төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна. АШУҮИС Монголын их дээд сургуулийн консерциумийн гишүүн сургууль учир аймаг, орон нутгийн элсэлтийг нэгдсэн байдлаар МИДСК-тай хамтран зохион байгуулдаг. Харин энэ жилийн хувьд манай сургуулиас 21 аймагт багш нар маань нэмэлтээр ажиллаж элсэлтээ зохион байгуулна. Өмнөх жилүүдийн туршлагаас харахад БСШУС-ын сайдын баталсан босго оноонд хүрсэн боловч манай сургуульд элсэн орж чадахгүй тохиолдол хүүхдүүдийн дунд их байдаг. Учир нь манай сургуульд элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноог харахад 650-800 байдаг юм билээ. Ер нь манай сургуульд элсэхийг хүсэж байгаа хүүхдүүд маань  элсэлтийн ерөнхий шалгалтандаа маш сайн бэлдээрэй гэж хэлэх байна. Их, дээд сургуульд элсэлт авахдаа хөдөлмөрийн дотоод, гадаад зах зээл, зах зээлийн өнөөгийн байдал, шаардлага, хэрэгцээгээ сайн судлаж улс орны хөгжил, эдийн засагт зориулагдсан боловсон хүчин бэлтгэх шаардлага илүү тавигдах болж байна. Иймд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг хөгжүүлж дээд боловсролын хөтөлбөртэй уялдуулж өгвөл хүүхдүүдийн сурах сонирхол ихсэх болов уу.

-АШУҮИС элсэлтээ хэдийд авахаар төлөвлөж байгаа вэ, зэх зээл дээрх хүний нөөцийн бодлоготой уялдуулан хөтөлбөрт өөрчлөлт орсон уу?

-ЭЕШ-ын дүн олон нийтэд зарлагдсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан их дээд сургуулиуд элсэлт авдаг. Энэ жилийн ЭЕШ зургадугаар сарын 17-20-ны өдрүүдэд явагдана. Бид элсэлтээ зургадугаар сарын 28-31-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жилээс бид Нийгмийн эрүүл мэндийн сургуульдаа шинээр шим тэжээл судлал, эрүүл мэндийн эдийн засаг гэсэн хоёр мэргэжлээр элсэлт авна.  Манай улсад 13 төрийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, таван бүсийн оношилгоо, эмчилгээний төв, 28 аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, 39 сум дундын эмнэлэг, 240 ортой хувийн эмнэлэг нийт ор бүхий 325 улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд мэргэжлийн шим тэжээл судлалын мэргэжилтнээр хангагдаагүй байна. Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, шим тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнээр бүх насны хүн амыг хангах зорилготой шим тэжээл судлаачид нь эрүүл мэндийн боловсролын байгууллагад шаардлагатай байгаа учраас шинээр шим тэжээл судлаач мэргэжилтэн бэлтгэхээр боллоо. Мөн эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтэн хэрэгцээтэй байна. Учир нь бусад их, дээд сургууль төгссөн эдийн засагчид нь манай салбарын онцлогийг мэдэхгүйгээс үйл ажиллагааг ойлгоход цаг хугацаа алддаг, тогтвор суурьшилгүй ажилладаг зэрэг олон асуудлууд тулгардаг. Тиймээс бид эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтнийг бэлтгэснээр эрүүл мэндийн салбарын болон эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн төлөвлөлт, дүн шинжилгээ хийх, нөөцийн ашиглалтад үнэлгээ хийх, шийдвэр гаргахад чиглэгдсэн нотолгоо бүрдүүлэх эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтэнтэй болох юм. Мөн сувилахуйн сургуульдаа ахиу элсэлт авах талаар бодлого барьж байна. Монгол Улсад сувилагчийн хэрэгцээ маш их байгаа. ЭМЯ-наас 1000 сувилагчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж улмаар сувилагч эмчийн тоог нэг эмчид хоёр сувилагч байлгахаар зорьж байна. Иймд төрөөс сувилагч болох гэж байгаа хүүхдүүдийг бодлогоор дэмжиж сургалтын төлбөрөөс хөнгөлөх, оюутны хөгжлийн зээлд голч оноог харгалзахгүйгээр хамруулдаг болгох талаар бид саналаа БСШУСЯ, ЭМЯ-д хүргүүлэх гэж байна.

-Хуучин бол бид мэдээлэл муутай байдаг байлаа. Орчин үед элсэгчид гэлтгүй эцэг эхчүүд хүүхдийнхээ суралцах сургуулийг сайн багш, суралцах орчин нөхцөл, сургалтын төлбөр гээд олон талаас нь судалж, шинжиж байгаад элсүүлдэг болж.  Тийм болохоор элсэгчдэд хэрэг болох мэдээллүүдийг илүү түлхүү өгөхийг энэ ярилцлагаараа зориод байгаа юм?

-Өнөөгийн даяаршлийн эринд хүн болгон хүссэн мэдээллээ олж авах олон эх сурвалжууд бий болж тэр чинээгээрээ өрсөлдөөн бий болж байна. Гэхдээ бидэнд, манай сургуульд бахархах хэнд ч байхгүй түүх, хүрсэн амжилт бий, цаашид тавьсан том зорилго, түүндээ хүрэх хүчирхэг хамт олон бий.  Манай сургууль долоон бүрэлдэхүүн, гурван салбар сургуульд, 11 бакалавр, 18 төрлийн дипломын мэргэжлээр оюутан элсүүлнэ. Монгол Улсад анх удаагаа их сургуулийн тогтолцоог бий болгож анхны өөрийн эмнэлэгтэй сургууль болж байна. Мөн их сургуулийг кампус хэлбэрээр хөгжүүлэх жишиг сургууль болж байна. Анагаах ухааны сургууль буюу хүний их эмч бэлддэг сургууль, Монгол анагаах ухааны их сургууль буюу уламжлалт ангаах ухааны сургууль өөрийн шинэ хичээлийн байртай болсон. Дараа жилээс Нүүр ам судлалын сургууль, Эм зүйн сургууль, Сувилахуйн сургуулиуд мөн шинэ кампус руу нүүж очно. Оюутнуудад маань сурах таатай орчин бүрдэхээс гадна урлаг спортоор хичээллэх орчин үеийн соёлын төв, спорт комплекс, номын сан удахгүй баригдана. Оюутнууд маань холоос явахгүй тэндээ амьдрах тохилог 1200 оюутны байр энэ оны есдүгээр сард ашиглалтад орно. 230 айлын орон сууц баригдаж багш нар маань холоос явахгүй болно. Төв сургууль дээр Био ангаахын сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Эрдмийн сургууль, “Лицей” ахлах сургууль, сургуулийн захиргаа байрлаж байна. Төв сургууль дээрээ бид багш, оюутнууддаа ээлтэй орчныг бий болгохыг зорьж нэлээд засвар, өөрчлөлт хийсэн. Бид хичээлийг асуудалд суурилж суралцахуйн арга ухаанаар хөгжүүлэн заах туршлагыг нэвтрүүлж байна. Уламжлалт аргаас аль болохоор татгалзаж тохиолдол дээр үндэслэн суралцах аргыг сургалтандаа хэрэглэхийг эрхэмлэж байна. Оюутнуудын бие даан суралцах, эргэцүүлэн сэтгэх, шүүн тунгаах, багаар ажиллах зэрэг дотоод чадварт суралцахад нь чиглүүлж өгөх тал дээр багш нарт илүү шаардлага тавигдаж байгаа. Их сургуулийн маань үндсэн зорилго оюутан бүрээ хөгжүүлэх, дэмжих юм. Бид оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, оюутны хөгжлийн төв, оюутнуудад зориулсан нэг цэгийн үйлчилгээ, оюутнуудын сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг ирэх хичээлийн жилд байгуулж ажилд оруулна. Сайн сурсан оюутнуудаа  гадаадын их дээд сургуулиудад сургахаар явуулж байна. Оюутан солилцооны  хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Нагасаки их сургууль, Жичи Анагаах ухааны их сургууль, Нагояа их сургууль, Солонгос улсын Даегү эрүүл мэндийн коллеж зэрэгт нийт 100 гаруй оюутан суралцсан. Энэ тоог нэмэгдүүлнэ. Манай сургуулийн элсэгчдийн 60 гаруй хувь нь аймаг, орон нутгаас элсдэг учраас шинэхэн элсэгчдэдээ зориулсан тусгай хөтөлбөрүүдийг явуулна. Оюутнуудаа жил болгон урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна гээд дурьдвал олон зүйлийг ярина. Гадаад оюутнуудынхаа тоог нэмэгдүүлж, сургалт, судалгааны чанарыг дээшлүүлж олон улсын их сургууль болох нөхцөлөө бүрдүүлж ажиллахын төлөө бид хүчээ дайчилж байна. Манай сургуульд ирээдүйн оюутан та бүгдийгээ хүлээж авахад эрдэмтэн багш нар, оюутан анд найз нар нь баяртай байх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.15 № 76, 77 (6043, 6044)

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500