Соёл урлаг 2019.04.10-12:20:53

Олон улсын бүжгийн тэмцээнд амжилт гаргаад ирсэн хүүхдүүдийг Хотын захиргаанаас угтан авлаа

БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “GURU ART WELL” олон улсын бүжгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож гран при болон дэд байр эзлээд ирсэн авьяаслаг бүжигчин хүүхдүүдийг өчигдөр эх орондоо ирэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онгоцны буудалд угтан авлаа.

Тэрээр хүүхдүүдэд хандан Зөвхөн Ази төдийгүй Европын орнуудын олон баг тамирчид оролцсон олон улсын бүжгийн тэмцээнд амжилт гаргаж, Монгол орныхоо нэрийг дэлхийн тайзанд гаргасанд баяр хүргээд, цаашдаа өсвөр үеийнхээ олон найз нараа урлагаар хичээллэх замд нь түүчээ болоорой гэж хүслээ. Мөн Хотын захирагч С.Амарсайхан хүүхдүүдийг хүлээн авч, тэдэнд өөрийн биеэр баяр хүргэж талархал илэрхийлэхээр болсон гэдгийг албан ёсоор уламжиллаа.

Эцэг эхчүүдийн зүгээс амжилт гаргаад ирсэн бяцхан хүүхдүүдийг нь Хотын захирагч хүлээн авч уулзахаар болсонд талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлж байв.

Амжилт гаргасан бүжгийн хамтлагийн багш болох СТА, бүжиг дэглээч Ч.Бямбадоржийн сэтгэгдлийг сонслоо. Тэрээр “Сөүл хотод болсон олон төрөлд бүжгийн уралдаанд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ. Уралдаанд “Хөх толбот”, “Суран жолоо”, “Сувдан хөлс”, “Төвөргөөн” гэсэн хамтлагуудтай оролцлоо. Нийт 16 орны 500 орчим уран бүтээлчид, бүжгийн хамтлагууд өрсөлдсөнөөс манай бүжигчид үндэсний бүжгийн төрлөөр бага, дунд насны хоёр ангилалд оролцож Гран при шагналыг хүртлээ. Мөн чөлөөт бүжгийн төрлөөр хоёр хамтлаг маань гран при шагналыг авлаа. Багшийн хувьд маш их баяртай байна” гэв.

Хүүхдүүдийг онгоцны буудал дээр аав, ээж гэр бүлийнхэн болон багш нар, найз нөхөд нь баяр хүргэж халуун дотноор хүлээн авсны дараа угтан авсан бүх хүмүүст зориулан тэмцээнд оролцсон бүжгийн үзүүлбэрээсээ  бүжиглэж сонирхууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500