Нийгэм 2019.03.12-13:21:01

БОАЖ-ЫН ДЭД САЙД Ц. БАТБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СЭЛЭНГЭ, БУЛГАН, ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг 3 дугаар сарын 11-нээс 21-ны өдрүүдэд Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт  ажиллаж байна. Ингэхдээ дээрх аймгуудын ой хээрийн  гал түймрээс урьдчилан сэргийлэх ажилтай танилцаж,сум орон нутгийн холбогдох байгууллага , ард иргэдэд гал түймрээс  урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг өгч шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч байгаа юм.

Улсын хэмжээнд 2018 онд нийслэл Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 13 аймгийн 48 суманд 77 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 16639.15 га ой, 552020.75 га хээр, нийт 568659.9 га талбай, 2 хашаа саравч, 24 тонн өвс тус тус түймэрт өртөж шатсан байна. Түймрийн улмаас байгаль экологид 39.277.222.191 төгрөг, эд материалд 155.732.050 төгрөг, түймрийг унтраахад 97.657.957 төгрөгийн зардал гарч, нийт 39.530.612.198 төгрөгийн хохирол учирсан байна. 2018 онд гарсан ой, хээрийн гал түймрийг 2017 онтой харьцуулахад урьдчилсан байдлаар түймрийн тоо 3 дахин, түймрийн хохирол 2 дахин тус тус буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны нэгдүгээр сарын 31-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт нутгийн 30 орчим хувь цасан бүрхүүлтэй хуурайшилт ихтэй байгаа талаар ЦУОШГ-аас мэдэгдсэн. Энэ оны 3 болон 4 дүгээр сар олон жилийн дундажтай харьцуулахад дулаан байх тул нийт нутгаар хуурайшилт улам нэмэгдэж ой хээрийн гал түймэр гарах эрсдэл өндөр байгаа юм. Тиймээс орон нутагт гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг өмнөх жилүүдээс эрт эхлүүлж холбогдох газруудад сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэн ой хээрийн гал түймэр гарч болзошгүй эрсдэлтэй бүсэд  БОАЖЯ, ОБЕГ орон нутгийн холбогдох газрууд хамтран ажиллаж байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500