Соёл урлаг 2019.02.26-15:07:25

“Бүргэдийн баяр” болно

Шувуучлахуйн соёл нь тэртээ 6000 жилийн өмнөөс өнөөг хүртэл харцага, шонхор, бүргэд зэрэг махчин шувууг гаршуулан дасган ан авд сургадаг Төв Азийн нүүдэлчин ард түмний зан заншил юм.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасаар тархан нутагладаг цармын бүргэд нь харцагынхан овгийн хүчирхэг махчин шувуу бөгөөд 2500-3000 метр өндрөөс хулгана, зурам андахгүй хардаг хурц хараатай, үнэг, хярс, туулай, тарвага зэргээр хооллодог ба 30-50 жил насалдаг байна. 

Анч бүргэдэд голдуу эм бүргэдийг сонгох ба нисэх чадвараа олон идэш тэжээлдээ явж сурсан бүргэдийг барьж авч тэжээхэд харьцангуй номхон, хурдан сурдаг, өөрийн хүчинд тохирсон амьтан руу довтолдог, гэрийн мал руу дайраад байдаггүй.

Шувуучлахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Баян-Өлгий аймагт тэжээгдэж буй бүргэдийн 70 хувь нь 1-4 настай бөгөөд 5-6 насанд нь байгальд буцааж тавьдаг. Ийнхүү буцаах нь эргээд нөхөн үржих, тоо толгой өсөхөд хэрэгтэй ажээ.

Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Нүүдэлчдийн өвөл 2019 - Бүргэдийн баяр” арга хэмжээг 2019 оны гуравдугаар сарын 3-4ний өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.

Бүргэдийн баяр буюу Шувуучлахуйн уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500