Улс төр 2019.02.11-9:06:56

Нөхөн сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 15-ны дотор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах үүрэгтэй

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2019 оны хоёрдугаар сарын 10-ны өдрөөс товлон зарлаж, нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2019 оны зургадугаар сарын 30-ны өдрөөр тогтоох тухай УИХ-ын тогтоол баталсан.

Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор хүсэлтээ гаргаж, энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна” гэж заасан.

Иймд төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нэр дэвших бол 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий албан тушаалтандаа гаргасан байх шаардлагатай юм.

Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, улмаар УИХ-ын гишүүнээсээ чөлөөөлөгдөөд байгаа. Тиймээс Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчид төрд төлөөлөлгүй жил орчимын хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах товыг гаргасан хэдий ч "төрийн албан хаагч нөхөн сонгуульд оролцох эрх зөрчигдөж байна" гэх иргэний гомдлыг ҮХЦ хүлээн авч шийдвэрлэсэн. Учир нь Сонгуулийн тухай хуулиар сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн өмнө төрийн албан хаагч албан тушаалаасаа чөлөөлөгдөх байх шаардлагатай гэснээс өөр заалт тусгаагүй байлаа. Тиймээс УИХ-аар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, нөхөн сонгууль явуулахад төрийн албан хаагч хэрхэн оролцох талаар заалтыг тусган баталсан.

Өнгөрсөн тус тойрогт нөхөн сонгууль зарлахад нийтдээ улс төрийн 14 нам нөхөн сонгуульд оролцохоор СЕХ-нд бүртгүүлээд байсан. Энэ удаад ч улс төрийн намуудын оролцоо буурахгүй байх гэж ажиглагчид үзэж байна.

Ирэх зургадугаар сард явагдах Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулиар 287.6 сая төгрөгийг зарцуулна. Уг сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах юм.

СЕХ хуулийн дагуу өнөөдрөөс УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлон зарлаж, сонгуулийн хэсгийн хороо байгуулах, сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, намууд, нэр дэвшигчдийг бүртгэх зэрэг сонгууль явагдах цаг хугацааны хуваарийг гаргана.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500