Боловсрол 2019.01.30-15:10:40

Монгол Улсын Хөгжлийн гарц-Олон Улсын стандартад нийцсэн чанартай боловсрол

Сайн байна уу. Боловсролын салбарын тогтвортой хөгжлийн талаар ярилцлагаа эхэлье?

Монгол улсын их, дээд сургуулиуд тэр дундаа АШУҮИС энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Танай Сувилахуй, Нүүр ам судлалын сургууль чанарын менежментийн олон улсын тогтолцоог хэрэгжүүлж байгаа талаар сургалт явуулж байсан?

АШУҮИС-ийн хөгжлийн бодлогын хүрээнд олон улсын болон үндэсний стандартад нийцсэн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэл зүйн үйл ажиллагааг менежментийн шинэлэг арга зүй технологиор хэрэгжүүлж, түүнийг тогтвортой тасралтгүй сайжруулах замаар улс орны шаардлага ажил олгогчийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхэд анхаарч буй хэрэг юм. Чанарын менежментийн тогтолцоо нь сургалт, эрдэм шинжилгээ, эмнэл зүйн үйл ажиллагаанд чанарын төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт, сайжруулалт гэсэн үндсэн үйл явцтай бөгөөд зөвхөн сургалтын үйлчилгээний эцсийн чанарыг дангаар нь анхаарах тухай асуудал биш, энэ бол төлөвлөлтөөс бодит ажил хэрэг болгох хүртэлх бүх шат дамжлага дахь системтэй, удирдах процесс юм. Өөрөөр хэлбэл чанарын менежментийн тогтолцоо нь үйлчилгээг хэрэглэгчийн хэрэгцээ ба хүлээлтэд байнга нийцүүлж, чанарыг тогтвортойгоор сайжруулахад их сургууль түүний салбар бүрэлдэхүүн нэгжүүдийг чиглэл удирдамжаар нэгдсэн байдлаар өндөр түвшинд  хангах стандартын тухай асуудал  юм.

 Боловсролын байгууллагад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх нь ямар ач тустай вэ?

Боловсролын байгууллагад чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх нь тухайн байгууллагын удирдлагын тогтолцоог системтэй өөрчлөн хөгжүүлэх арга зам, орц гарцыг тодорхойлох чухал үйл явц юм. Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр байгууллагын хөгжил, чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.           

Чанар гэдэг ойлголт хөгжиж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараас байгууллагын үйл ажиллагааны чанарын тухай ярих болсон. Боловсролын байгууллагад нөөцийг оновчтой болгох, хэрэглэгчийн сэтгэл ханамж ба ажил үйлчилгээний гүйцэтгэлийг сайжруулах болон үйл ажиллагааны давхардал, үр ашиггүй байдлыг  бууруулахын тулд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх нь ихээхэн үр дүнтэй байдаг.

Монгол улсын дээд боловсролын байгууллагуудын өмнө тулгарч буй сорилт, менежментийн өөрчлөлт шинэчлэлийн үйл явцаас харахад боловсролын байгууллагуудад чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Ялангуяа боловсролын байгууллагын бүтцийг оновчтой болгож, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, үйл ажиллагаа түүний гүйцэтгэлийн үнэлгээний асуудал нь чанарын удирдлагын асуудалтай шууд холбоотой асуудлууд юм.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, "Төрийн өмчийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж, дээд боловсролд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлнэ” гэж дээд боловсролын талаар баримтлах дунд хугацааны бодлогыг тодорхойлсон байна. Тус үйл ажиллагааны хөтөлбөрт дээд боловсролын салбарт Дээд боловсролын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог сайжруулах, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх, багш, оюутны хөгжил, нийгмийн баталгааг хангах зэрэг асуудлуудыг тусгасан.

Өнөөг хүртэл Монгол улсад их, дээд сургуулиудын чанарын үнэлэмжийг үндэсний болон гадны орнуудын мэргэжлийн байгууллагуудаар магадлан итгэмжлэгдсэн байдлаар дүгнэдэг. Магадлан итгэмжлэлээр боловсролын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хүний нөөц, сургалтын хөтөлбөр, оюутны үнэлгээ, материаллаг бааз зэргийг үнэлж байна. Харин бидний үзэж байгаагаар дотоод гадаадын байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, чанарын удирдлагын стандартыг хавсран нэвтрүүлснээр илүү үр дүнд хүрнэ. Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулиуд оюутны хүсэл сонирхол, ажил олгогчдын эрэлт хэрэгцээ болон тогтвортой хөгжлийг  анхаардаг болсон бөгөөд оюутнуудын суралцаж байх явц, сургуулиа дүүргэсний дараах сэтгэл ханамж дээшлүүлэх, боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах зорилго нь боловсрол судлаачдын анхаарлын төвд байсаар байна.

Иймд чанарын бие даасан бодлого хэрэгжүүлэн сургуулийн стратеги төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх шаардлага бидний өмнө тулгарсаар байна. Энэ нь эргээд нөгөө түрүүнээс хойш яриад байгаа чанартай, тогтвортой боловсролыг бий болгоход чиглэгдэж байгаа юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500