Нийгэм 2018.12.06-17:08:32

УИХ-ын гишүүний горимын саналыг дэмжснээр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хойшлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай холбоотой үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, О.Баасанхүү, М.Билэгт, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Ц.Нямдорж, Ж.Мөнхбат нар байр сууриа илэрхийллээ. 

 

Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын хүрээнд УИХ өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулдаг болохыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэмдэглэн хэлэв. Засгийн газрын өнөөдрийн байр суурь нь Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж байна гээд “УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрыг томилж, чөлөөлдөг, хариуцлага тооцдог хуультай. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Аливаа асуудлыг Үндсэн хуулийнхаа хүрээнд шийдвэрлээд явах нь зүйтэй. Тиймээс УИХ-аас Засгийн газарт, Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр хугацаатай шаардлага хүргүүлье” гэлээ. Л.Энх-Амгалан гишүүний уг горимын саналын дагуу санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дэмжлээ. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн үйлдлээс үүдэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц хангалтгүй, Засгийн газраас өргөн мэдүүлж хэлэлцүүлж буй төслөө тайлбарлахгүй, хариулахгүй байна. Ийм учраас үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх үүднээс өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хойшлуулах горимын санал гаргаж байна” гэв. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь нь Д.Оюунхорол гишүүний уг горимын саналыг дэмжив. Иймд УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг  хойшлуулж, маргааш үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500