Нийгэм 2018.09.24-8:29:50

Чехийн виз мэдүүлэхэд хялбар болно

 Монгол Улс, БНЧУ-ын Гадаад харилцааны яам хоорондын хоёр дахь удаагийн Консулын зөвлөлдөх уулзалт Прага хотноо болжээ. Энэ үеэр хоёр улсын иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, албан паспорттай иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх, нийгмийн хамгааллын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах болон хөдөлмөр эрхлэх виз олголтын асуудлаар санал солилцсон байна. Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс богино хугацааны Шенгений визийн мэдүүлгийг Улаанбаатар хотноо нээх Визийн төвд, урт хугацааны болон хөдөлмөр эрхлэх визийн мэдүүлгийг ЭСЯ-нд авах болсон тухайгаа Чехийн тал мэдэгдсэн байна. Ингэснээр виз олгох үйл явц илүү хялбаршиж, виз хүсэгчдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэх аж.

Үүний зэрэгцээ тус улсын Засгийн газраас баталсан журмын дагуу тусгай зөвшөөрөл бүхий Чех улсын аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсаас ажиллах хүч авахад визийн тусгай журам энэ оны тавдугаар сарын 1-нээс үйлчилж байгаа юм. Түүнчлэн талууд энэ онд багтаан “Монгол Улс, Бүгд найрамдах Чех улс хооронд Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрт гарын үсэг зурахаар тохиролцсон бөгөөд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар тус улсад хөдөлмөр эрхэлж байсан болон хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх аж. Консулын зөвлөлдөх дараагийн уулзалтыг ирэх онд Улаанбаатар хотноо хийхээр тохиролцжээ. Өнгөрсөн сарын байдлаар БНЧУ-д манай улсын 8677 иргэн оршин сууж байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500