Нийгэм 2018.07.10-11:09:41

УИХ-ын дарга М.Энхболд Төв аймаг байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баяр наадмын илгээлт

Эрхэм хүндэт наадамчид аа
Төрөлх нутгийн элэг нэгт ахан дүүсээ

Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Төв аймаг байгуулагдсаны түүхт 95, Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Төрийн шагналт Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойн баяр наадмын халуун мэндчилгээг Та бүхэнд өргөн дэвшүүлье.

1921 оны Ардын хувьсгалын дараах засаг захиргааны хуваарийн өөрчлөлтөөр Халхын дөрвөн аймгийг ханы нэрээр нэрлэж байсныг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын 1923 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг нэртэйгээр байгуулсан билээ.

Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, хувьсгалын үйл хэргийг эхлүүлж, Ардын хувьсгал ялсаны дараах нийгэм эдийн засгийн тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэх, харийн түрэмгийлэгчдээс хамгаалах, 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, энх цагийн бүтээн байгуулалт, нэгдэлжих хөдөлгөөн, атар газар эзэмших, үйлдвэржилт зэрэг улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, спорт зэрэг бүхий л салбарт Төв аймагчууд голлох үүрэгтэй оролцож ирсэн.

Өгөөж баян хангай, уул ус төрөлх нутгаас минь төрөн гарсан Дотоод Яамны хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд, Манзушир хутагт С.Цэрэндорж, Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд Д.Бодоо, Д.Чагдаржав, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, БНМАУ-ын баатар Д.Самдан, БНМАУ-ын баатар, хурандаа генерал Б.Цог, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, Соёлын гавъяат зүтгэлтэн Д.Чойжамц, Олимпийн анхны мөнгөн медальт, Монгол улсын дархан аварга Ж.Мөнхбат, Баяндэлгэр сумын уугуул, Олимпийн алтан медальт, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Э.Бадар-Ууган, Баян-Өнжүүл сумын харъяат, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, хоньчин Б. Ажваа, Хорьдугаар зууны манлай уяач, Монгол улсын Тод Манлай уяач, Хөдөлмөрийн баатар, Гавъяат малчин Д. Даваахүү, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, П.Бадарч, Д.Цоодол нарын олон алдартнууд бидний бахархал билээ.

Аймгийн ИТХ-ын хурлын тэргүүлэгчдийн 2018 оны ....... тоот тогтоолоор төрөлх аймгийнхаа түүхт 95 жилийн ойтой хамтатган Бүрэн сумын уугуул Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. 
Тэрээр 1942 оны долоон сард театрын тайзнаа анх “Хатанбаатар Магсаржав” хэмээх жүжигт цагаан цэргийн офицер болж гарснаас хойш “Учиртай гурван толгой” жүжгийн Юндэн, “Ээдрээ” жүжгийн Мөнх-Очир гүн, “Арвай хээрийн тал” жүжгийн Халзан Тавхай, “Отелло” жүжгийн Отелло, “Лир ван” жүжгийн Лир ван, “Эдип хаан” жүжгийн Эдип зэрэг Монголын театрын алтан сан хөмрөгт орсон үндэсний болон дэлхийн сонгодог олон жүжгийн гол дүрийг бүтээн туурвисан байдаг. Түүнчлэн “Говийн нүдэн”, “Гурван найз”, “Их хааны удам”, “Мандах нарны туяа”, “Мандухай цэцэн хатан” , “Мичидийн зургаан гялаан”, “Нүгэл буян”, “Тойрох хуудас”, “Улаан дарцаг”, “Үер” , “Өглөө”, “Хүний амь”, “Цогт тайж”, “Цэц магнай”, “Энэ хүүхнүүд үү” зэрэг дэлгэцийн олон бүтээлд өөрийн гэгээн дүрээ мөнхөлсөнөөс гадна 60 гаруй жил харшийн сүлд модны өвлийн өвгөнөөр бидний сэтгэл зүрхэнд үлджээ.

Монгол Улсын Их Хурал, Засгийн Газраас Төв аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах зорилгоор дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, нийгмийн салбарын томоохон төслүүдийг дэмжин ажиллаж байна. Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал, Баян суманд “Мах боловсруулах цогцолбор үйлдвэр”, Зуунмод дулааны станцын ТЭЗҮ, цэвэр усны нөөцийн усан сан, усан хангамжийн шугам сүлжээний барилга байгууламж, Автовокзалын барилга, Манзушир шашин, соёлын цогцолбор байгуулах ажлын зураг төсөл, Эрдэнэ, Батсүмбэр, Баянжаргалан сумдад 395 хүүхдийн дотуур байрны барилга, Баян-Өнжүүл, Жаргалант сумдад 150 хүүхдийн цэцэрлэг, Баянцогт, Алтанбулаг суманд спорт зал, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Дэлгэрхаан сумдад соёлын төв, аймгийн Хөгжимт драмын театрын барилга, Аргалант сумын ЗДТГ-ын конторын барилга, Улсын бүртгэлийн хэлтсийн конторын барилга, Батсүмбэр, Зуунмод суманд багийн конторын барилга зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна.

Таван жилийн дараа тохиох төрөлх Төв аймгийнхаа 100 жилийн ойг угтсан их бүтээн байгуулалтын ажилд өөрийн мэдлэг чадвар бүхнээ зориулан зүтгэх болно гэдгээ ч энэхүү цэнгэл наадмын хоймороос хэлэхийг хүсч байна.

Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97, Төв аймаг байгуулагдсаны түүхт 95, Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Төрийн шагналт Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойн баяр наадмын мэндийг дахин хүргэж, Та бүхэн сайхан наадаарай.
Бие эрүүл ухаан саруул хийморь өөдөө байх болтугай.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА,
М.ЭНХБОЛД

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500