Соёл урлаг 2018.01.09-9:10:26

“Cirque du Soleil ”-ийн МОНГОЛ ОД Г.Анударь

ГОЁ МОНГОЛ цуврал

“Cirque du Soleil ”-ийн МОНГОЛ ОД

Дэлхийд алдартай Нарны циркийн жүжигчин Ганбатын Анудар авьяаслаг уран нугараач төдийгүй мэргэжлийн ятгачин. Лондонгийн “Royal Albert hall”-оос эхлээд, энэ ертөнцийн хамгийн алдартай тайзууд дээр тоглосон монголын, цөөхөн, мэргэжлийн жүжигчдийн нэгэн билээ.

"Ятгын хатан хаан" гэгддэг Ч.Мөнх-Эрдэнийн гарын шавь тэрээр ХБК-ийн оюутан байхдаа ятгачдын улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байв. Хөгжимчин болохын тулд хүүхдүүд хар нялхаасаа маш их хөдөлмөрлөдөг. Үеийнх нь найзууд тоглож наадаж байхад тэдэнд амсхийх ч цаг гардаггүй. Гэтэл ийм их ачаалалтай хөгжмийн хичээлийнхээ хажуугаар, бүр 9 настайгаасаа л уран нугаралтаар давхар мэргэжсэн гээд бод доо. Гэхдээ зүгээр ч нэг ятгачин болчихсонгүй, улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ. 
Харин түүнд уран нугаралт заасан хүн бол домогт Мажигсүрэн гуай.

“Нарны цирк”-д ажиллахаасаа өмнө Анука маань Cirque Starlight-ийн acrobat байв. Тэр үеийн, нэгэн тоглолтын зураг болох, хөлс нь бороо мэт асгарсан фотог үзээд эрхгүй нүд чийгтлээ Монгол эмэгтэйн тэсвэр тэвчээр, бэрх хүчрийг даах чадвар гайхалтай. Тэрбээр хэдэн жилийн өмнө, бүх биеийнхээ тэнцвэрийг зөвхөн шүдэндээ төвлөрүүлээд (уучлаарай, би мэргэжлийн хүн биш учир бүдүүн хадуун үгээр тайлбарлаж байна шүү), өөрөөр хэлбэл, хоёр хөлөө толгой дээгүүрээ давуулан нугарч, эвхэрч, ам шүдэн дээрээ бүх биеэрээ тогтчихоод  ятга хөгжим тоглосон хүн дээ.
Энэ бол нугараачдаас МОНГОЛД АНХ УДАА үзүүлсэн тоглолт юм. Монголд төдийгүй ер нь дэлхийн нугараачдаас, ийм хүнд үзүүлбэрийн үедээ ятга тоглосон хүн үгүй л болов уу. 
Асар өндөр шалгууртай “Нарны цирк”-д жүжигчнээр орно гэдэг нь тамирчидтай зүйрлэвэл, Олимпод хүч үзэж буй (тийм л зиндааны) мэргэжлийн циркчин, хүлээн зөвшөөрөгдсөн нугараач болжээ гэсэн үг. Cirque du Soleil-ийн жүжигчин болсноосоо хойш тэрээр мөн л тус циркийн өвөрмөц тоглолтын нэг болох, усан доторх үзүүлбэрт гоцлох болсон. Өнгөрсөн жилийн кристмасын баярын үеэр Лондонгийн хамгийн том их дэлгүүр болон бусад олон газарт Анударийн маань аквариум дотор, усанд байгаа үзүүлбэрээр чимэглэсэн тоглолтын зар удаан явсан.

Цирк бол энэ ертөнцийн хамгийн сэтгэл татам зүйлийн нэг. Эр зориг, авхаалж самбаа, мэдрэмж, ухаан, тэсвэр хатуужил, төвлөрөл бясалгал, хурд, хүч, гоо үзэсгэлэн нэгэн дор. Бүр тодруулбал, математик урлаг “хөтлөлцсөн” гайхалтай салбар. Хөгжим, дүрслэх урлаг, яруу найргийн сэтгэлгээ, спорт (мэргэжлийн гимнастик), тайзны жүжиглэл болон давтагдашгүй агшнуудын гайхалтай нийлбэр бол зөвхөн цирк билээ. Тэгэхээр Анудар маань хөгжимчин, жүжигчин, циркчин, бараг тамирчин, бас бүжигчин л гэсэн үг. Ийм залуу насандаа энэ олон чадварт суралцчихсан байна гэдэг сайхан биш гэж үү?
Дэлхийг тойрон аялж (Канад, Итали, Бразил, Англи, Турк, Австрийн тайзан дээр нугарч, Дубайн тайзан дээр ятгаа тоглож) яваа Анударь бол Монголын нэгэн бахархал юм аа. Авьяастай төрсөн Монгол охид гоё шүү!

Яруу найрагч Л.Өлзийтөгс

src="stat/file/p/l/181/15150415865a4db332a48a7.jpg" alt="" />

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500