Нийгэм 2020.07.29-12:18:20

Ажиглалтад байсан хоёр хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж,  16 сая 643 мянган  хүн өвчилж, 659 мянган хүн нас баржээ. 10 сая хүн эдгэрcэн байна.  Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд 226  мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч,  4000 гаруй хүн нас барсан байна.  ДЭМБ-аас дэлхийн улсууд цар тахлын эсрэг хэр чадавхтай байгааг шалгах үндсэн үзүүлэлт нь коронавирусийн тохиолдлыг дүгнэхдээ цогц байдлаар хурдан хариу арга хэмжээ авч байгаагаас цаашдын эндэгдэл шалтгаалж байна. Тиймээс бүх улс орон, иргэд коронавирусийн эсрэг бэлэн байдлыг хангаж,асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. 

Хүн хоорондын зай барих дэглэмтэй холбоотойгоор дэлхийн маш олон орон өөрсдийн зан үйлийг өөрчилж байна. Ковид-19 шинэ халдвар учраас өдөрт маш олон зүйл өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. АНУ-ын хүнс хооллолтын судалгааны газраас коронавирус нь хүнсний сав баглаа боодлоор халдварладаг нь тодорхойгүй байгаа боловч уг вирусийн талаар бидний мэдэхгүй зүйл байна. Тиймээс хоол хүнсний аюулгүй байдал цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг онцгойлон анхаарч хийх  хэрэгтэйг анхааруулсан байна. 

Европийн улсуудад коронавирус халдварын хоёр дахь давлагаа эхэлсэн талаар эрдэмтэд мэдээлэлж байгаа. Мөн манай хоёр хөрш орны хувьд өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед бид анхаарал болгоомжийг сулруулж болохгүй. Ковид-19 нь шүлсээр дамждаг халдвар учраас олноороо цугларч, нэг аяганаас айраг уух, дуу хуур дуулах нь шүлсээр халдвар дамжих эрсдэл өндөр юм. 

Манай орны хувьд  ажиглалтад шинээр 282 хүн орж, 182 хүн гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2695  хүн ажиглалтад байна.   Үүргийн онгоцоор ирсэн 50 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 2 хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт байна" хэмээлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны долдугаар сарын 28-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Дархан-Уул аймгийн салбар, ЗӨСҮТ-ийн лабораторид нийтдээ 630 хүний сорьцоос шинжилгээ авахад, 6285 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин хоёр хүний сорьцод коронавирус илэрлээ. Энэ нь тусгаарлалт, ажиглалтад  байсан 50 болон 14 настай эмэгтэйн давтан шинжилгээнээс илэрсэн. Бусад шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг дэлгэрэнгүй танилцуулъя.

-2020 оны долдугаар сарын -10нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 258 хүний  гурав дахь удаагийн давтан шинжилгээ

-2020 оны долдугаар сарын 28нд Сөүл-Улаанбаатар чиглэлээр ирсэн 262 хүний шинжилгээ

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ,

-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочийн шинжилгээ,

-Ажиглах байранд ажиллаж байгаа 60  хүний  шинжилгээ,

-Идэвхтэй тандалтын 11 хүний шинжилгээ

-Дархан-уул аймагт тусгаарлагдсан 5 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа.

-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр ХӨСҮТ-өөс 3  хүн эдгэрч, дараагийн сувилал руу  шилжсэн сайн мэдээ байна. Энэ нь 21 настай эрэгтэй бөгөөд 22 настай эмэгтэй, 22 настай эрэгтэй байна.  Монголд батлагдсан тохиолдол 291, эдгэрсэн хүн 225, одоо 66 хүн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 62 хүн хөнгөн, 4 хүн хүндэвтэр байна.

Төр засгаас гаргаж байгаа оновчтой шийдвэрүүдийг төрийн байгууллагын зохион байгуулалтад орсон бүх хүн  хэрэгжүүлж байна. Бидний хамгийн чухал хамтрагч бол ард түмэн юм. Ганцхан хүн  ч гэсэн өөрийгөө би хамаагүй гэж бодож болохгүй. Тиймээс бие биендээ шаардлага тавьж өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан ажлын амжилтыг эвдэхгүй байхад анхаарах хэрэгтэй. 

Эрүүл Мэндийн Яам-н зураг.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500