Нийгэм 2019.11.29-10:29:05

ӨНӨӨДӨР БҮХ НИЙТЭЭРЭЭ "ХИЧЭЭХ ӨДӨР"

Өнөөдөр "Хичээх өдөр".   Энэ өдөр дэлхий нийт зам тээврийн ослоор нас барсан иргэдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Манай улсын хувьд зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийнхэний дуу хоолойг иргэдэд хүргэх, сэрэмжлүүлэг, зөвлөгөө, уриалга хүргэж өнгөрүүлдэг бөгөөд энэ жил ч уламжлалаа хадгалах аж. 

Энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулж буй "Хичээх өдөр"-ийн хүрээнд 11.00-11.10 цагт нийслэлийн гол уулзваруудын замын хөдөлгөөнийг түр хаах юм байна. Энэ хугацаанд түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын аврагчид уулзваруудад төлөвлөсөн үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

Дашрамд дурьдахад, манай улсад  хоногт дунджаар 2 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 15-20 хүн бэртэж, гэмтдэг аж.  250 гаруй авто осол гарч, 500 орчим тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл гардаг байна.  Тэгвэл 2018 онд зам тээврийн ослын улмаас 46 хүүхэд нас барж байж. Харин энэ оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 49 хүүхэд амь насаа алджээ.  

Тиймээс иргэд нэг өдөр гэлтгүй үргэлж л замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хурдаа тохируулж, хичээцгээе гэдэг уриалгыг Тээврийн цагдаагийн албанаас гаргаж байна. Өнгөрсөн жил "Хичээх өдөр"-өөр зам тээврийн ослын улмаас хүний амь нас эрсдээгүй, ердөө 4 хүн л бэртэж, гэмтсэн аж. Зам тээврийн осол 40 орчим хувиар буурчээ.  2020 ондоо бид жилийн турш хичээж чадвал 500 иргэнийнхээ амь насыг аварч, 5000 хүнээ бэртэж, гэмтэхээс сэргийлж чадах нь. 

Хэн ч энэ бүхнийг хүсээгүй, мөн хэн ч бид бүхнийг замын хөдөлгөөний дүрэм зөрчихийг зөвлөөгүй, уриалаагүй жолооч та, явган зорчигч та, зорчигч та бүхэн өөрсдөө л хожмын эрсдэл, эндэгдлийг тооцоолгүй хурд хэтрүүлэх, согтуугаар автомашин жолоодох, хамгаалах бүсээ бүслэхгүй байх, хаа хамаагүй газраар зам хөндлөн гарч замын хөдөлгөөний дүрмээ мөрдөөгүйгээс өөрсдийгөө, өөдөсхөн жаахан үр хүүхдээ, өөр гэмгүй яваа хэн нэгнээ зам тээврийн ослын золиос болгож байгааг бодож нэг үзээрэй, оюун бодолдоо тунгаагаарай.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500