Нийгэм 2019.11.14-16:58:44

АШУҮИС-ийн хамт олон байгалийн гамшигт өртсөн Япон улсын ард иргэдэд хандив тусламж илгээлээ

Япон Улсын баруун өмнөд хэсгийн газар нутгийг далайн хүчтэй хар салхи Хагибис дайран өнгөрч, 10 гаруй хоног үргэлжилсэн аадар борооны улмаас их хэмжээний үерийн аюул нүүрлэж Япон улсад ихээхэн хэмжээний хохирол учирсан.

Монгол-Япон хоёр улс олон жилийн түүхэн найрсаг харилцаатай, Японы ард түмэн бидэнд олон талаар тусламжийн гараа харамгүй сунгасаар ирсэн билээ. Үүний томоохон жишээ нь Япон улсын Засгийн газар, ард түмний тусламж, дэмжлэгээр баригдсан АШУҮИС-ийн Монгол-Япон Сургалтын эмнэлэг юм. Түүнчлэн Япон улсын 40 гаруй их дээд сургуультай АШУҮИС хамтран ажилласаар байна.

Тиймээс Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн багш, ажилтнууд гамшигт нэрвэгдсэн Япон Улсын ард иргэдэд хандив, дэмжлэг үзүүлэх хандивын арга хэмжээг өрнүүлэн нийт 8,639,100 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан Япон Улсын Улаан загалмай нийгэмлэгт шилжүүлэхээр боллоо.

АШУҮИС-ийг төлөөлөн захирал Ж.Цолмон, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Г.Нандин, мэргэжилтэн М.Мөнх-Ундрал нар Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон С.Сүрэнжав, М.Лхагвадорж нарт хандивын мөнгийг хүлээлгэн өглөө. Мөн АШУҮИС МУЗН цаашид Хамтын Ажиллагааны Гэрээ байгуулан хамтран ажиллахаар болов. Хандивын үйл ажиллагаанд оролцсон нийт багш, ажилтан, ажилчиддаа талархал илэрхийлье.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500