2019.08.29-14:15:07

Нисэх урлагийн дээд маягийг үзүүллээ /ФОТО/

Нисэх урлагийн дээд маягийг үзүүллээ

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан манай улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” багийнхан Хүй 7 худгийн тэнгэрт нисэх урлагийн дээд маягийг үзүүлсэн олон гайхамшигт үзүүлбэрүүдээ толилууллаа.

Анх 1991 онд Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад 6ш Су-27 онгоцтой байгуулагдаж байсан түүхтэй Оросын нисэх хүчний харьяа агаарын үзүүлбэрийн Русские Витязи буюу Оросын Баатрууд багийнхан маневр сайтай, хүчирхэг хөдөлгүүр бүхий Су-30СМ сөнөөгч онгоцоор нисэх хүчнийхээ зэвсэг техникийн гайхамшгийг харуулсан олон үзүүлбэрүүдийг Хүй 7 худагт хуран цугласан олонд сонирхууллаа.

Онгоцнууд халз тулах, өндрийн уналт, агаарын наж могой, чиг шулуун болон босоо тэнхлэгийн дагуу 360 хэм эргэх, агаарын усан оргилуур гэм мэт олон гайхамшигт үзүүлбэр дотор зөвхөн оросын нисгэгчид л хийж үзүүлдэг үзүүлбэр ч байна. Тухайлбал, зугтаж явахдаа гэнэт агаарт зогсолт хийн дайсныхаа онгоцны ард нь гардаг наж могой гэх үзүүлбэрийг сонирхуулав. Мөн нисэхийн хөнгөн загварын онгоцоор л хийж үзүүлдэг босоо тэнхлэгийн дагуу 360 хэмээр эргэх буюу үхлийн гогцоо гэх хүнд үзүүлбэрийг хүнд жинтэй, байлдааны онгоцоор хийж, нисэх урлагийн дээд маягийг үзүүллээ.

Нисгэгчээс олон цагийн бэлтгэл, өндөр ур чадвар шаарддаг олон үзүүлбэрийг “Русские Витязи” багийнхан Су-30СМ сөнөөгч онгоцоор монголын ард түмэнд толилуулаад эх нутгийнхаа зүг хөлгийн жолоо заллаа.















Эх сурвалж: ИНЕГ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500