Нийгэм 2019.07.09-10:07:42

100 айлын зам засварын ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг энэ сарын 1-ээс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлахаар болоод байна.

Эхний ээлжинд долоодугаар сарын 1-10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл 300 м замыг хааж засч шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байгаа. Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр уг зам дээр ажиллаж зарим үүрэг даалгавар өглөө.

Хотыг захирагч С.Амарсайхан “Маш их ачаалалтай байдаг замыг хаачихаад ийм байдлаар ажиллана гэж байхгүй. Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна. Засварын ажил эхлээд долоо хонолоо хэдэн хашлага тавьснаас өөр ямар ч хийсэн юм алга. Хүн хүчээ нэм, зориулалтын тоног төхөөрөмж ашиглаж ажлыг түргэн шуурхай явуул. Хэдхэн хүн хүрз, жоотуу барьчихсан байдалтай ажил урагшаа явахгүй. Хүн хүчээ хувиарлаад өдөр шөнийн ээлжээр ажилла. Та нарын гаргаж өгсөн хувиараар хоёр хоногийн дараа энэ хаасан замыг нээхээр байна. Гэтэл одоо байгаа байдлаа хар. Ямар ч хариуцлага, зохион байгуулалт байхгүй. Худлаа, үнэн шалтаг тоочоод зогсож байна. Аюулгүй байдлыг хангах тал дээр хийсэн ажил огт алга. Том том техникийн хажуугаар ямар ч хаалт хашлагагүй иргэд зорчиж байна. Та нарын ухсан нүхэнд хүүхэд, хөгжид унаж ойчоод, амь нас, эрүүл мэндээрээ хохирвол хэн хариуцлага хүлээх вэ. Энэ ажлуудаа эзэнжүүл, өөрсдөө хяналтаа тавьж ажилла” хэмээгээд “Цаашид ингэж ажиллахгүй. Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, УБЗЗАГ-ын удирдлагууд өдөр шөнөгүй зам дээрээ өөрсдөө зогсож энэ ажлыг түргэвчилж, төлөвлөгөөт хугацаандаа нээхээр төлөвлөж ажиллах хэрэгтэй” гэлээ.

Зам засвар, шинэчлэлийн ажил удааширч байгаа шалтгааны талаар Драгон бридж ХХК-ийн ерөнхий инженер Г.Цолмон “Ажлын зураг дээр гурван төрлийн асуудал гарсан. Ажлын зургийн 0-500 хүртэл дагуу огтлолыг сонгож зурахдаа ажлын хар өндрөөс автоматаар 7 см өндөр өгөөд гаргасан нь газрын уклоноо төлөвлөлтийн түвшин зохиогоод зурсан нь асуудал болсон. Хоёрдугаарт хөндлөн огтлолын болон дагуу огтлолын зурагнууд ерөнхий төлөвлөгөөний зурагтайгаа зөрүүтэй байгаа нь бас асуудал болсон. Гуравдугаарт усны байгууламж хийгдэх ажил дээр нэг хэв маягийн хөндлөн огтлол сонгоод мянгын цагирган хоолойг 1.5 метрийн гүнтэй булж хийхээр төлөвлөсөн байсан. Геодези, усны барилга байгууламжийн газраас гаргасан саналын дагуу ус зайлуулах хоолойг 1.8 метр болгохоор дахин зураг өөрчлөгдсөн. Шинэ зургийн дагуу ажиллаж байна. Мөн хуучин усны байгууламж нь эвдэрсэн байдалтай гарч ирсэн. Тиймээс анхны мэдээлэлтэй зөрснөөс мөн хугацаа алдах шалтгаан болсон” хэмээн тайлбарлав.

Өнөөдрийн байдлаар 3000 м орчим авто замын хашлагын 80 хувийг хуулж, талбайн цэвэрлэгээг хийгээд байгаа аж. Гурван газар ус зайлуулах байгууламжийн цооногийг ухаж гаргасан. Талбай дээр 8 машин, механизм, дөрвөн инженер техникийн ажилчин, 25 туслах ажилтан ажиллаж байгаа юм байна.

Төлөвлөгөөний дагуу барилгын ажил явсан бол 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл 300 м замыг энэ сарын 10-нд нээгээд үргэжлүүлэн долоодугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн газар хүртэл, долоодугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэл хэсэгчилж хааж засч, шинэчлэх ерөнхий төлөвлөгөөтэй байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан "100 айлын зам, дэд бүтцийг сайжруулах, дахин төлөвлөлтийг эхлүүлэх, барилгын материалын зарим үйлдвэрлэл, үйлчилгээний ААН-үүдийг Налайхын үйлдвэр технологийн парк руу нүүлгэх гээд бүтээн байгуулалтын ажил хийгдсээр байгаа. 100 айлын энэ зам нь 12 м өргөн хоёр талдаа явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэг бүрэн хийгдсэн иж бүрэн зам болгохоор ажиллаж байна. Гэтэл өнөөдөр гүйцэтгэгч компани болоод хяналт тавхи ёстой нийслэлийн Авто замын хөгжлийн газар маш хангалтгүй ажиллаж байна. Ажлын хурд, гүйцэтгэл муу байна. Энэ зам хоёр хоногийн дараа ашиглалтад орох ёстой. Гэтэл өнөөдөр замын ажлын 50 хувь нь ч хийгдээгүй байна. Энэ ажлыг хариуцсан байгууллагуудын удирдлагуудыг өөрсдөө хяналтаа тавиад чанартай шаардлага хангасан зам бариул гэж шаардаж байгаа” хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

0/500